2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Нийгэм

Шатахууны борлуулалт ирэх Даваа гаригт хэвийн горимд шилжинэ

2021-09-26 10:02:18

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр өчигдөр (2021.09.25) шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх долоон хоногийн Даваа гаригт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэл өгөв. Компаниуд ирэх Даваа гаригт шатахууны борлуулалтаа хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, өчигдөр (2021.09.25)-ийн байдлаар 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэжээ.
Ангарскийн нефтийн үйлдвэрээс өчигдөр гарсан эхний ээлжийн 1500 тн шатахууны тээвэр нь УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч, тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдтай хөдөлжээ.

БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна. Улмаар өнөөдөр (2021.09.26) Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлсөн бөгөөд ирэх долоо хоногийн дунд үе гэхэд Монголд орж ирэх нь.
Монгол, Хятадын хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын есдүгээр сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж, вагон хангалтыг хийлгэж буй аж. Үүний үр үнд Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачигдах шатахууны тээвэр богино хугацаанд шуурхай зохион байгуулагдаж, эхний ээлжийн вагонууд ачигджээ.