2020-04-09
АНУ доллар 2,781.19₮
Ангилал: Байгаль орчин

Монгол Улс Камбожийн Хаант улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

БОАЖЯ-ын сайд Н.Цэрэнбат Камбожийн хаант улсад аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах  айлчлал хийлээ. Камбож  улсын хувьд 2008 онд жилдээ 2 сая жуулчин хүлээн авдаг байсан бол 2019  онд энэ тоо 6 сая болж нэмэгджээ. Түүх, соёлын өвдөө  тулгуурлан аялал жуулчлалыг илүү хөгжүүлж  буй тус  улсын  туршлагаас судлах, харилцан хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд хийсэн айлчлалын хүрээнд хоёр улс ирэх гуравдугаар сард Герман улсын Берлин хотноо болох ITB Берлин  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо.



Камбож улс нь  18 сая хүн амтай бөгөөд эдийн засгийн гол хөшүүрэг нь аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн салбар юм. Тиймдээ ч  түүх, соёлын өвдөө тулгуурлан аялал жуулчлал илүүтэй хөгжиж томоохон бүтээн байгуулалтын чиглэлээрх менежментийг нэвтрүүлсэн  байна. Манай улсын хувьд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн өвөрмөц онцлогт тулгуурлан аялал жуулчлалаас олох орлогоо нэмэгдүүлэхээр сүүлийн жилүүдэд ажиллаж байгаагийн үр дүнд 2019 онд аялал жуулчлалаас олсон орлого 2018 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдэж  үр дүнгээ  өгч буй юм.                                             


 
Нисэх буудал, стадионы менежментийг Олон улсын компаниар гүйцэтгүүлэх нь өндөр ач холбогдолтой
 
Түүнчлэн айлчлалын гол зорилго нь Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын нэг  болох аялал жуулчлалын дэд бүтцийн асуудлыг шийдэх, тус улсын хэрэгжүүлсэн туршлагаас судлах  явдал байлаа. Манай улсын хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй ч 2 улстай газрын боомтоор холбогддог. Тиймээс агаарын тээврийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал асуудал болоод буй.Өөрөөр хэлбэл манай улс агаарын тээврийн ганц урсгалтай бөгөөд үүнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм.

Агаарын тээврийн урсгалын нэмэгдүүлэх нь  хямд нислэг бий болгох , агаарын тээврийн даац нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох зэрэг олон давуу талтай. Энэ хүрээнд Камбож улсаас туршлага судалж байна. Тус улсын хувьд 3 томоохон хотдоо тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийжээ. Ингэхдээ   агаарын тээврийн асуудлыг гадны хөрөнгө оруулалттай   компаниар хийлгүүлж менежментийн асуудлаа шийдвэрлэсэн байна. Энэ нь тус улсад аяласан жуулчдын тоо  сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх гол хөшүүрэг болсон гэдгийг Камбожийн Хаант Улсын Аялал Жуулслалын сайд Тонг Хонг уулзалтын үеэр хэлж байсан юм.   



Айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  Камбожийн олон улсын нисэх онгоцны буудлын захирал  Алан Брунтай уулзлаа. Францийн Винсит компанийн төлөөлөгч тэрбээр Монгол Улсад олон улсын нисэх онгоцны буудлыг хэрхэн байгуулах менежментийг боловсруулж хамтын ажиллагаа эхлүүлэхэд  таатай байх болно гэдгээ илэрхийлж хоёр тал   харилцан санал солилцлоо.

Винсит  компанийн зүгээс зөвхөн нисэх онгоцны буудал түүний менежмент хөрөнгө оруулалтыг шийдээд зогсохгүй зам, дэд бүтэц, томоохон стадион зэргийг барьж гүйцэтгэдэг нь ихээхэн анаарал татаж байлаа.

Камбож улсын томоохон 3 нисэх онгоцны буудал байгуулахад нийтдээ 500 сая долларын хөрөнгө оруулалтыг Винси компани хийжээ. Хөрөнгө оруулалтаа хийгээд гүйцэтгэлээ өөрсдөө явуулдаг тус компанитай хамтран ажилласнаар олон улсын шууд нислэгийн 30 гаруй компанитай хамтран ажиллах боломж ч нээгдэнэ гэдгийг төлөөлөгчдийн зүгээс хэлж байлаа. Өөрөөр хэлбэл энэ нь олон улсын хөрөнгө оруулагч байгууллагын  давуу тал гэдгийг онцолж байв.



Цаашид бид аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй агаарын тээвэр болон бусад дэд бүтцийн асуудлыг  гадны хөрөнгө оруулалтын замаар хэрхэн шийдвэрлэх боломжтой эсэх хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахад анхаарах асуудлын  талаар туршлага судлах нь айлчлалын гол чиглэл зорилго байлаа. Винси компани нь дэлхийд нийт 46 улсын айрпортын гүйцэтгэл, менежментийг хариуцан ажилладаг бөгөөд өнгөрсөн жилд л  гэхэд нийт хариуцан ажиллаж буй айрпортоор үйлчлүүлэгчдийн тоо ойролцоогоор 55 сая байсан гэдгийг хэлж байв. 2022 он  гэхэд  хэд хэдэн шинэ нисэх онгоцны буудал барихаар зорьж байгаа манай улсын хувьд томоохон хэмжээний хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой уулзалтыг эхний төвшинд ийнхүү амжилттай хийлээ.