2024-10-14
АНУ-ын доллар 3,385.87₮
Ангилал: Улс төр

Н.Учрал: 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуулийн багц шинэчлэлийг хийнэ

2024-09-11 15:31:09


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд 2024 оныг дуустал хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны албан даалгаврыг гаргажээ. Үүний дагуу 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд дуусгах ажлын талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Улсын Их Хурал (УИХ)-аар батлагдсантай холбогдуулан хэрэгжиж эхэлж байна. Дөрвөн жилийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд багтааж дуусгах албан даалгаврыг сайд бүрд онцолж, өглөө.

Энэ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг эрэмбэлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр хэлэлцээр үргэлжилж байна. Хамгийн түрүүнд энэ намрын чуулганаар Франц улсын "Орано Майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хоёр цахилгаан станцыг УИХ-д мэдүүлэхээр төлөвлөж буй юм.

14 мега төслөөс гадна 14 реформыг хэрэгжүүлнэ. Энэ реформын хүрээнд Засгийн газрын 11-11 утсанд ирсэн хүсэлт, саналыг үндэслээд 

  • Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг хийнэ,
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг шинэчилнэ,
  • Татварын реформ,
  • Эрчим хүчний реформ,
  • Хөрөнгө оруулалт, бизнесийн эрхзүйн орчны шинэчлэл,
  • Төсвийн зардлын реформ,
  • Ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой хуулийн шинэчлэл, 
  • Амьдралын зөв дадал, соёлыг хэрэгжүүлэх чиглэлээр, 
  • Ногоон орчны шинэчлэлийн хүрээнд хийгдэх стратегийн бодлогыг танилцуулах,
  • Ашигт малтмалын лицензтэй холбоотой шинэчлэл,
  • Орон сууцны реформ, 
  • Мөн авлигын индексийг бууруулах, "5 Ш" ажиллагааг үргэлжлүүлэх хүрээнд хүний эрхийн реформыг хийнэ.

Өнөөдрөөс эхлээд албан даалгаврын тоолуур гүйж эхэлж байна. Ингээд 100 хоногийн хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл албан даалгаврын хэрэгжилтийг олон нийтэд ил мэдээлнэ" гэв.