2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Дэлхий

BTS хамтлаг "EMA"-аар хөгжмийн ертөнцийг уйлуулав

2021-11-15 13:54:51

"МТV"-гээс жил тутам зохион байгуулдаг “Europe Music Awards” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Унгарын Будапешт хотноо болсон юм. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд урьдчилан таамаглаж байснаар Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг хамгийн "өнгөтэй" оролцож, дөрвөн шагналын эзэн болов.

Тодруулбал, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг Поп”, “Шилдэг шүтэн бишрэгчид”, “Шилдэг К-Поп” зэрэг шагналууд авлаа. Тэд өнгөрсөн жилийн хувьд “Шилдэг хамтлаг” болон хамгийн олон шүтэн бишрэгчтэй хамтлаг, дуучинд олгодог “Шилдэг шүтэн бишрэгчид” шагнал хүртэж байв.

Өнгөрсөн жил тэд “Солонгосын шилдэг үзүүлбэрийн шагнал”-ыг эх орондоо авчирсан бөгөөд өдгөө энэ шагналын нэр “Шилдэг К-Поп” болжээ. Мөнхүү "Dynamite" уран бүтээлээрээ шилдэг поп дууны төрөлд өрсөлдөж байсан билээ. Тус хамтлаг энэ удаад энэ төрөлд түрүүлсэн ч тодорхой уран бүтээлийн нэрээр гардаж аваагүй аж.

Тус наадмаас нэгээс олон цом хүртсэн өөр нэгэн уран бүтээлч нь Эд Шейран байв. Тэрбээр “Bad Habits” уран бүтээлээрээ “Шилдэг уран бүтээлч”, “Шилдэг дуу”-ны төрөлд түрүүлжээ. Харин Лил Нас Икс “Call Me By Your Name” дуугаараа “Шилдэг видео”, Дожа Кэт, Солана Имани Роу нар “Kiss Me More” хамтын бүтээлээр “Шилдэг хамтын бүтээл”, реппер Савити "Шилдэг шинэ" төрөлд тус тус шагнал хүртсэн байна.

Ийнхүү “BTS” хамтлаг хөгжмийн ертөнцийн томоохон оддыг уйлуулсан гэхэд болно. Тодруулбал, “Жонасын ахан дүүс”, “Бяцхан Микс” хамтлагуудаас “Шилдэг хамтлаг”-ийг өрсөж, Дуа Липа, Оливиа Родриго, Жастин Бибер нараас “Шилдэг поп”-ыг авч, Леди Гага, Ариана Гранде нараас “Шилдэг шүтэн бишрэгчид”-ийг булааж, “Блэкпинк” хамтлагийн Лиза, Розе нараас “Шилдэг К-Поп”-ыг түрүүлэн хүртсэн юм.

Тус хамтлаг 2015 онд эхлүүлсэн ялалтын гараагаа ийнхүү амжилттай үргэлжлүүлж байна. Тодруулбал, “Europe Music Awards”-ийн арга хэмжээнд 2014 онд анх оролцсоныг эс тооцвол “BTS” тус наадмаас жил болгон дор хаяж нэг шагнал хүртэж буй юм. Энэ удаад тэд дөрвөн шагнал өвөртлөн эх орон руугаа буцлаа.


Эх сурвалж: FORBES