2021-12-02
АНУ доллар 2,848.49₮
Ангилал: Нийслэл

Нийслэлд 120 сая мод тарьж ургуулахаар “Хариуцлагын гэрээ” байгуулав

2021-11-15 17:56:22

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Ойн салбарын үндэсний чуулган” Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж, ургуулах “Хариуцлагын гэрээ”-г байгуулав. Гэрээнд Хотын дарга болон салбарын сайд нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.



Мөн үеэр   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангаж, ногоон байгууламж бүхий хот байлгах нь бидний үүрэг юм. Тиймээс нийслэлд Ойн анги байгуулах талаар судалж байна. Хүн хүчээ нэмнэ, техник технологио сайжруулна. Бэлтгэлээ сайтар базааж байгаад хотоо ойжуулах ажилд зүтгэнэ” хэмээсэн юм.



“Ойн салбарын үндэсний чуулган”-аар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, ойн салбарын оролцоо, хоорондын  уялдааг хангах, санхүүгийн механизмыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж буй юм.

Улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан байна. Ой модыг ургуулж, хамгаалж, нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчны салбарынхны ажил бус, иргэн бүр сэтгэл гарган оролцох учиртай гэдгийг чуулганы үеэр онцолж байлаа.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС