2024-04-16
АНУ доллар 3,376.45₮
Ангилал: Боловсрол

"Энгийн мэдлэг"- Хууль, эрх зүйн мэдлэг чухал уу?

2021-11-16 08:19:14

Би нягтлан биш гээд мөнгө тоолж чадахгүй эсвэл би эмч биш гээд халуурсан үедээ халууны эмээ сонгоод ууж чаддаггүй, эсвэл би багш биш гээд хүүхдийнхээ даалгаварт туслахгүй суудаг хүн байдаггүйтэй адил би хуульч биш гээд хуулийн ямар ч мэдлэггүй байх боломжгүй юм.

Анх биднийг их сургуульд элсэн ороод Иргэний эрх зүйн хичээл үзэж эхэлсэн эхний өдөр л “Хүн бүр л эрх зүйн харилцаанд алхам тутамдаа оролцдог. Гэрээсээ гараад дэлгүүрээс талх худалдан авах нь хүртэл эрх зүйн харилцаа болдог” хэмээн багш минь ярьж байсныг санаж байна.

Үнэхээр л бид өдөр тутамдаа эрх зүйн олон төрлийн харилцаанд оролцож байдаг. Тухайлбал, өдөр бүр машинаа унаад замын хөдөлгөөнд оролцохдоо хууль болон дүрмээр тогтоож өгсөн зарим нэг хязгаарлалт, зөвшөөрлийг заавал сахин биелүүлдэг. Явган хүний гарц дээр явган хүнд зам тавьж өгөх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт байгаа учраас та машинаа асаагаад хөдөлсөн л бол шууд эрх зүйн харилцаанд оролцож байгаа гэсэн үг юм.
 
Мөн автомашин худалдан авахдаа “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, түүний дагуу тухайн автомашин зарсан иргэн хуулийн дагуу Хувь хүний орлогын албан татвар төлөх шаардлагатай байдаг.
Зарим тохиолдолд тухайн гэрээнд иргэд өөрсдөө тохиролцон бага үнийн дүн бичиж татвараас зайлсхийх үзэгдэл мэр сэр тохиолддог нь нууц биш. Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулж олсон орлогоосоо заавал татвар төлөх үүрэгтэй бөгөөд хэрвээ татвараас зайлсхийвэл Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай. Түүнээс гадна ийнхүү бага мөнгөн дүнгээр гэрээ байгуулснаар залилах гэмт хэргийн хохирогч болох магадлалтай.
 
Хууль, эрх зүйн мэдлэг бол бидэнд үргэлж боломж олгож байдаг. Хэрэв таны амьдардаг байрны СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой бол, таны хүүхдийн сурч боловсрох эрхийг хэн нэгэн зөрчсөн бол эдгээр асуудлуудыг хуулийн дагуу шийдвэрлэж болох төрийн болон төрийн бус байгууллагад хандах, өөрийн хохирсон эрх ашгийг хамгаалуулахын тулд хаана хандах, хэрхэн өргөдөл гомдол бичих гэх мэт мэдлэг нь энгийн хууль, эрх зүйн мэдлэг болдог юм. Тиймээс иргэн та ямар нэг байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргасан бол түүнийг 30 хоногийн дотор шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай гэдгийг хамгийн түрүүнд мэдэж авна.
 
Бүх нийтийн эрх зүйн боловсрол бол эдгээр өдөр тутмын энгийн хэрэглээний хууль, эрх зүйн мэдлэгийг хэлж байгаа бөгөөд мэргэжлийн хуульч, судлаачдын түвшинд мэддэг байх шаардлагыг тавьж байгаа ойлголт биш юм.
Ямар ч байгууллагаар үйлчлүүлэх үйлчилгээ бүрд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, заавраар баталгаажуулан нэгээс нөгөөд шилжих схем шиг үргэлжилсэн эрх зүйн орчин эргэлдэж байгааг тэтгэвэрт гарах, ажилгүйдлийн тэтгэмж авах, төрийн албаны шалгалт өгөх, эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авах гээд хүний амьдралд гарцаагүй тохиолддог олон жишээгээр нэрлэж болно.
 
Та хууль, эрх зүйн мэдлэгээ алхам тутамдаа дээшлүүлснээр аливаа эрсдэл хохирлоос урьдчилан сэргийлэх, мөн бусдыг хохироохгүй байх, түүнээс гадна таны эрх зөрчигдөж байгааг өөрөө мэдэлгүй байсан гэх мэт олон олон шалтгаант үр дагаврыг олж мэдэх болно.

Таны хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх бяцхан аялалд амжилт хүсье.