2024-04-23
АНУ доллар 3,376.32₮
Ангилал: Хөндөх сэдэв

"2019 онд БНСУ-д гэрээгээр ажиллахаар баталгаажсан 100 гаруй иргэнийг явуулахаар ажиллаж байна"

2021-11-16 08:22:28


Бүгд Найрамдах Солонгос Улс гадаадын орнуудаас ажиллах хүч хүлээж авч эхэлсэн талаар мэдээлэлтэй холбогдуулан манай улсаас гэрээгээр ажиллах иргэдийг хүлээн авч байгаа эсэхийг ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Н.Алтансувдаас тодрууллаа. 
 

- БНСУ-ын ажиллах хүч авах улсуудын жагсаалтад манай улс багтсан уу?

- Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ 2019 оноос гадаадаас ажиллах хүч авахаа зогсоогоод байсан. Сүүлийн үед халдварын нөхцөл байдал тогтворжсон, ажиллах хүчний дутагдалтай байгаагаас үүдэн 16 орноос ажиллах хүч хүлээж авахаа мэдэгдээд байна. Манай улс ажиллах хүч хүлээж авах улсуудын жагсаалтад багтсан. Үүнтэй холбогдуулан БНСУ-д гэрээгээр ажиллах нөхцөл, шаардлагыг хангасан хүмүүсээс эхний ээлжийн буюу 2019 онд баталгаажсан 100 гаруй иргэнтэй холбогдон ажиллаж байна. БНСУ-ын талаас тэдгээр иргэд гэрээгээр ажиллах хэвээрээ эсэх, тус улсад очоод тусгаарлалтын зардлыг төлөх боломжтой юу, нислэгийн тийзийн зардал байгаа эсэх талаар нөхцөл байдлын тодруулгыг авч өгөхийг хүссэн. 

- Тэгэхээр БНСУ эхний ээлжид 100 гаруй ажилтан хүлээж авахаа мэдэгдсэн гэсэн үг үү?

- Нөхцөл байдлаас хамаарна. Бид дээрх асуулгын дагуу иргэдтэй холбогдож нөхцөл байдлын мэдээллийг нь аваад, ХӨСҮТ-тэй хамтран эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Ингээд мэдээллээ Солонгос дахь ажил олгогчид руу илгээж байгаа гэсэн үг. Солонгосын талаас дээрх мэдээлэлд үндэслэл шийдвэр гаргаад хэзээ ажилчдыг татан авахаа мэдэгдэх юм. 

- Солонгос улс 2019 оноос хойш гэрээгээр ажилтан аваагүй юм байна. Одоогийн байдлаар нийт хэчнээн хүн гэрээгээр ажиллах нөхцөл шаардлагыг хангаад байгаа вэ?

- Нийт 500 орчим иргэн гэрээгээр ажиллах нөхцөлийг хангаад байгаа. Манай байгууллагын хувьд иргэдийг бүртгүүлсэн дарааллын дагуу илгээхээр дээр дурдсан ажлуудыг хийгээд явж байна. Энэ ондоо багтаад эхний ээлжийн ажилчдыг БНСУ руу илгээх төлөвлөлттэй байгаа. 

- Гэрээгээр ажиллах иргэдэд вакцинтай холбоотой шаардлага тавьж байгаа юу?

- Вакцины бүрэн тунд хамрагдсан, тус улсад очихоос 24 цагийн өмнө өгсөн шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байгаа. Шинжилгээгээр эерэг хариу гарсан тохиолдолд ажил олгогч тухайн хүнийг эдгэрэхийг хүлээх үү, дараагийн хүмүүсээс сонголтоо хийх эсэхээ шийднэ.