2022-01-28
АНУ доллар 2,849.22₮
Ангилал: Нийгэм

“Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэв

2021-12-17 14:12:18

“Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн үр дүнгийн форум болж өнгөрлөө. Форумын үеэр хоёр жилийн турш хэрэгжсэн “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн үр дүнг тоймлож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хүлээн зөвшөөрсөн 16 компанитай нийлээд хорь гаруй компани уг форумд оролцсон юм.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн санаачлагаар 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг” боловсруулж анхны аж ахуйн нэгжүүд нэгдэж байж. Уг кодексийг НҮБХХ-с 2018 онд гаргасан “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал”-д үндэслэн боловсруулж байжээ. Түүнээс хойш НҮБХХ “Уул уурхайн салбарын байгаль орчны засаглал" төсөлтэй хамтран кодексийг боловсронгуй болгож хөтөлбөр боловсруулсан аж.  Анх 8 компаниар эхэлж одоогоор 16 компани уг сайн дурын кодекст нэгдээд байна.

Дэйв Престон “Австрали улсын эдийн засгийн өсөлтийг хангахад уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголын хувьд ч уул уурхайн салбар улсынх нь эдийн засагт том нөлөөтэй. Уул уурхайн салбарынхаа өгөөжөөр эдийн засгаа тэлэхийн тулд юуны өмнө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай. Австрали улсын хувьд уул уурхайн салбарынх нь туршлага бусад улсад сайн жишиг болдог. Бидний Монгол улстай уул уурхайн салбарт хамтран өрнүүлж буй харилцааны салшгүй нэг хэсэг бол хариуцлагатай уул уурхай. Хоёр талын хамтын ажиллагаа танай улсын уул уурхай, эдийн засагт өгөөжөө өгч байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгосон юм.

Форумын гол илтгэлийн нэгийг уул уурхайн ерөнхий инженер Н.Алгаа тавив. Тэрээр “Хариуцлагатай уул уурхай хөтөлбөр зорилт, үр дүн” сэдвээр мэдээлэл өглөө. Н.Алгаа “Хариуцлагатай уул уурхайн асуудал гарсан нь манай салбарын жижиг дундынхантай холбоотой. Тэд үнэхээр хариуцлагагүй байсан. Тэр дундаа байгаль орчинд их хариуцлагагүй ханддаг байсан юм. Гадны хөрөнгө оруулагчийн төлөөлөл энэ байдлыг засъя, уул уурхайг хариуцлагатай болгоё гэсэн саналыг МУУҮА-д анх тавьсан юм.

Дэлхийн бусад улсад компаниуд нь сайн дураараа нэгдээд оролцогч талуудын хүсэл шаардлагын дагуу жижиг, бодлого зорилтууд томъёолоод тэрнийгээ сайжруулаад явдаг процесс бий. Үүнийг манай компаниуд өөр өөрийн онцлогт тохируулж хэрэгжүүлээд үр дүнгээ нийтэд тайлагнах үүрэгтэй ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл амьд хөдөлгөөнтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монголын уул уурхай, тэнд ажиллаж байгаа компанийн засаглал олон улсын жишиг рүү нийцэх төвшинд өөр өөрсдийнхөө замаар явж байж л хүрнэ” гэж онцоллоо.

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Стандарт үнэлгээний албаны дарга Х.Энхтуяа “Сайн дурын кодексийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, давуу талууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр “Эрдэнэс Таван толгой бол Хариуцлагатай уул уурхай сайн дурын кодексийг хэрэгжүүлэхэд нэгдсэн компаниудын нэг. 2020 оноос эхлээд таван бүлэг, 248 шалгуурыг өөрийн компанийн зүгээс тогтоож, үнэлгээ хийгээд хэрэгжилтийг нь хангуулаад явж байна.

Компанийн засаглалыг сайжруулах, нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлж тогтолцооны өөрчлөлт сайжруулалт хийх, хүний эрх тэрдундаа хөдөлмөрлөх харилцаатай холбоотой эрхийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй байх, олон нийтэд ил тод байх гэх мэт үндсэн чиглэлүүдэд шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрт нэгдсэн нь компанид олон талын ач холбогдолтой. Олон компани энэ хөтөлбөрт нэгдээсэй гэж хүсч байна.

Манайх компанийн хувьд хариуцлагатай уул уурхайн нэг үзүүлэлт болох орон нутгийн иргэдийг ажилтай болгох, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээс бараа үйлчилгээ худалдан авах талд онцолж хэлмээр нэг зүйл бий. Төрийн өмчит компани учраас төрийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Энэ утгаараа тендер сонгон шалгаруулалтад орон нутагт байгаа компаниуд тэр бүр оролцоод явах боломжгүй байдал анзаарагддаг. Мэдээллийн хүртээмж муу гэх мэт шалтгаан байдаг. Тэгэхээр орон нутгийн компаниудад энэ тал дээр чадавхжих шаардлага байгаа.

Хариуцлагатай уул уурхай гэхээр олон нийт хандив, мөнгө өгөх ёстой гэдэг талаас хардаг тал ажиглагддаг. Мөнгө төгрөг өгч, хандиваар дэмжихийг хариуцлагатай уул уурхай гэж харах нь өрөөсгөл ойлголт юм. Хариуцлагатай уул уурхайг олон талт ажиллагаа, харилцаа гэж харж байна” гэж тодотгосон юм.

Олборлох үйлдвэрлэл, ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон “Өнөөдрийн уулзалтаар сүүлийн 10 гаруй жил ярьж буй хариуцлагатай уул уурхайн талаар хэлэлцлээ. “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд 16 компани хамтран ажиллаж байна. Манай байгууллагын хувьд уул уурхайн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, тайланг гаргуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид уул уурхай, газрын тосны чиглэлээр ажиллаж буй компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, ил тодын тайлан гаргах чиглэлд хамтран ажилладаг. Тайлан бол хариуцлагын нэг хэлбэр. Иймд уул уурхайн компаниудыг тайлангаа гаргахыг бид шаарддаг. Харин тайлангаа гаргаагүй компаниудын жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарладаг” гэлээ. Түүний хэлснээр улсын хэмжээнд 2200 орчим уул уурхай, газрын тос олборлох компани бүртгэлтэй байдгийн 1600 нь тайлангаа өгчээ.

Д.Энхболд: Хариуцлагатай уул уурхайн тухай ойлголтоо нэгтгэх шаардлага бий

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд форумын үеэр Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлж буй ажлын явцыг танилцуулав. Түүнээс форумын талаар тодрууллаа.
  • Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст уул уурхайн компаниудын хичнээн хувь нь нэгдээд байна вэ?
  • Том зургаар нь харвал улсын хэмжээнд 1200 гаруй лиценз эзэмшигч компани бий. Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь гуч гаруй. Эдгээр компаниас 16 нь буюу тал хувь нь хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст нэгдсэн. Бид улирлын чанартай ажилладаг 300-400 уурхайнуудад бүгдэд нь нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Тэр ч зорилгоор хөтөлбөр маань хэрэгжиж байгаа. Өнөөдрийн форумыг зохион байгуулж буй нь ч ийм шалтгаантай.
  • Хариуцлагатай уул уурхай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд компаниудын зүгээс тулгарч буй бэрхшээлүүдийг онцолбол?
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, кодексийг нэвтрүүлэхэд тулгарч байгаа асуудал гэвэл бүх талын нэгдсэн нэг санаа байхгүй байна. Хариуцлагатай уул уурхай гэдгийг өөр өөрөөр ойлгоод байдаг. Нийгэм нь ч, компаниуд нь дотроо хүртэл өөр өөрөөр ойлгоод байдаг тал бий. Тэгэхээр талууд ойлголтоо нэгтгэж нэгдсэн нэг ойлголтод хүрэх шаардлага байгаа. Дэлхий нийт нэг санаагаар урагшилж байгаа энэ үед бидэнд ингэхээс өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл энэ янзаараа суугаад байвал бид хоцрох гээд байна. Ний нуугүй хэлэхэд манай салбар хариуцлагатай, хариуцлагагүй гээд хоёр хуваагдаад яваад байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэсэн үг бий. Хэдэн хувь байх нь хамаагүй, нэг ширхэг муу жишээ байхад л салбараараа буруугаар ойлгогдох өндөр эрсдэлтэй байдаг.
Б.Мэндбаяр:Уул уурхайн компаниудын хариуцлагыг үнэлж чаддаг болсон

АМЕП2 хөтөлбөрийн Хяналт үнэлгээний мэргэжилтэн Б.Мэндбаяраас хариуцлагатай уул уурхайн талаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлалыг 2018 онд  хийж байсан юм.
  • Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг энгийнээр тайлбарлаач?
  • Хүн бүрт сайн сайханы тухай өөр өөрийн төсөөлөл бий. Хариуцлагатай уул уурхай бол монголчууд бидний “сайн” уул уурхай гэж ямар уул уурхайг ойлгох вэ гэдэг төсөөллөө нэгтгэсэн “загвар” юм. Өөрөөр хэлбэл бид хүүхдийг том болоод сайн хүн болоорой гэдэг. Тэгвэл ямар зан чанартай хүнийг сайн хүн гэх вэ гэвэл бид шударга, үнэнч, сайхан сэтгэлтэй гэж магад хэлэх байх. Үүнтэй адил сайн уурхай гэж ХУУ хэлэх нь ээ. Үнэлгээний аргачлалыг эмнэлгийн урьдчилсан үзлэгийн оношилготой зүйрлэж болно. Ямар оноштой, шинж чанартай компани байвал хүний эрхийг дээдэлдэг, нийгэмд өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй байх боломжтой вэ гэдгийг тухайн компанийн менежментийг үнэлэх замаар хариуцлагатай ажиллаж чадах компани мөн үү үгүй юу гэдгийг оношилж болно. Хариуцлагатай уул уурхай кодексын шаардлага маань олон улсад хэрэглэгддэг дэлхийн 24 баримт бичиг бүхий туршлага, давхардсан тоогоор 600 гаруй шаардлага дээр үндэслэгдэн гарч ирсэн Монголын уул уурхайн компаниудын төлөвшлийн түвшинд тохируулга хийгдсэн жишиг кодекс юм.
  • Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэхэд гарч байгаа бэрхшээл нь юу байна, энэ кодексийн хамгийн том ач холбогдол нь юу вэ?
  • Эхлээд кодексийн ач холбогдлыг ярья. Монголчуудад нэг онцлог бий. Энэ компани сайн уу, муу юу гэж үнэлэх гээд байдаг. Тэгвэл тухайн компанийг хариуцлагатай, сайн компани гэдгийг яаж үнэлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Том компани байвал яах вэ, жижиг компани бол хэрхэх вэ, алт, уран, нүүрс байвал яаж үнэлэх вэ гэх мэтээр харвал бүгд өөр. Тэгэхээр хариуцлагатай компани гэж хэлэхийн тулд үнэлгээ, шалгуур үзүүлэлт хэрэгтэй болчихож байгаа юм. Үүнийг нь шийдэж, нэгдсэн ойлголтод хүргэснээрээ хариуцлагатай уул уурхайн кодекс хамгийн том ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниудын хариуцлагыг үнэлдэг болсон. Бэрхшээл гэвэл манай Монголын уул уурхайн компаниудын дотоодын менежмэнт ерөнхийдөө тийм сайн биш. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бол харьцангуй сайн байдаг. Дотоодын компаниуд энэ сул талаа ойлгоод компанийнхаа менемжэнтийг сайжруулахын тулд гүйцэтгэлийг нь сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулах нь өөрсдөд нь хэрэгтэй гэж ойлгож харах тал дээрээ дутмаг байна л даа. Тийм учраас хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх чин хүсэл нь бага байгаад байгаа юм.
  • Хариуцлагатай уул уурхайг харах тал дээр олзуурхмаар зүйл анзаарагдаж байна уу?
  • Би энэ чиглэлд хоёр жил оролцоогүй явж байгаад өнөөдөр хуралд оролцлоо. Анх 2018 онд Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлалыг хийж байх үеэс эрс өөрчлөгдсөн байна. Компаниудын ойлголт эерэг тал руугаа их өөрчлөгдсөн анзаарагдлаа. Гэхдээ хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлээд явбал компанийнх нь менежмэнт сайжирна гэдгийг мэдрээд байгаа. Гэсэн хэрнээ өөр янз бүрийн зөвлөхүүдийг урьж авчирч компанийнхаа менемэнтийг сайжруулах чиглэлд зөндөө ажил хийдэг. Гэтэл хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс үнэгүй шахуу байж байна. Ингэж холбож, ойлгож харах ойлголтын зөрүүнээс болоод сая хэлсэн асуудал үүсээд байх шиг санагддаг. Хоёрдугаар асуудал мөн л ойлголтын зөрүүтэй холбоотой. Компаниудын удирдлага энэ сайн дурын кодексийг хэрэгжүүлэх хүсэл бага байдаг байсан. Хариуцлагатай уул уурхайн энэ мэт арга хэмжээнд компаниудын дунд шатны хүмүүс ихэвчлэн ирдэг. Дунд шатны хүмүүс нь удирдлагадаа үүний сайн талыг ойлгуулах гэж хугацаа алдаад байгаа анзаарагддаг.
 
ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин