2024-10-14
АНУ-ын доллар 3,385.87₮
Ангилал: Дэлхий

Хятадын нүүрс олборлолт 2021 онд түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

2022-01-18 12:58:43


Эрчим хүчний хямралд орсон Хятад улс 2021 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрс олборлосныг өчигдөр танилцуулсан албаны тоо баримт өгүүлжээ. Өнгөрсөн онд тус улс 4.07 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх оноос 4.7 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
 
Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч болох Хятад улс зөвхөн өнгөрсөн сард 384.67 сая тонн нүүрс олборлосон нь нэг сарын хугацааны дээд үзүүлэлт болжээ. Арваннэгдүгээр сард 370.84 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх дээд үзүүлэлт болж байв.

Өнгөрсөн онд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хомсдол үүссэний улмаас эдийн засагт нь ноцтой хямрал бий болсон юм. Хямралаас яаралтай гарахын тулд эрх баригчид дотоодын нүүрс олборлогчдод бүрэн хүчин чадлаараа ажиллах үүрэг өгч байжээ.

2020 онд цар тахлын улмаас нүүрсний эрэлт дэлхий даяар 4 хувь унасан тухай Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) мэдээлж байв.

Харин 2021 онд эдийн засаг сэргэснээр нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэйг тус байгууллага бас урьдчилан тооцоолжээ.

Тухайлбал АНУ, Европын Холбоо 2020 онтой харьцуулахад 20 хувиар илүү эрчим хүчийг өнгөрсөн онд үйлдвэрлэсэн байна. Үүний багагүй хувийг нүүрснээс гаргасан эрчим хүч эзэлж байгаа. Гэхдээ энэ өсөлт нь зөвхөн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотой бөгөөд 2022 оноос нүүрсний эрэлт багасаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ үргэлжлэн нэмэгдэнэ гэж ОУЭХА тооцоолжээ.


 
Эх сурвалж: The Guardian