2024-04-21
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Нийгэм

Д.Шагдарсүрэн: “Дунд идэш, дулаан хэвтэр” гэдэг болохнээ

2022-02-08 12:39:36

“Хар барс” жилийн хаврын тэргүүн “хар барс” сар “царайгаа харуулах” цаг ирлээ. “Хар” барс өдөр буюу арггын тооллын 2 дугаар сарын 6-нд нар бүтэн хүрээлж үдийн тэнгэрт солонго татах мэт үзэгдэл болов.

Монголчуудын цаг улирлын тооллын “Бага хорин дөрвөн улирал”-ын ёсоор  хоёрдугаар сарын 4-ний шар хулгана  өдөр  Хаврын уур улирал эхэллээ. Шар шарагчин өнгө учирвал зундаа гандах нигуртай гэдэг.  Ирэх зунаас наана хавар яах бол гэдгийг огторгуйд татсан солонго, нарны их хүрээ урьдчилж “юм хэлээд” байх шигээ.

Ахмад цаг уурч Жамбын Цогт энэ сарын 9-13-ны хооронд нийт нутагаар, ялангуяа нутгийн зүүн хагаст айхавтар хүйтэн болохыг мэргэжил нэгт нөхөддөө сэрэмжлүүлэн сануулсан байна. Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийнхэн ч “нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, ойрын 3-4 хоногт тогтвортой хүйтэн байна” гэж мэдээллээ.

Говийн аймгуудын зүүн хагас, зүүн аймгуудын өмнөд хэсгийн малчид ямаагаа эрт самнадаг, бог мал ь ч эрт төлөлдөг болохоор энэ эхний их хүйтрэл тэвдүүлэх байхдаа.  Төгсбуянтын зурхайгаар энэ зуны тэргүүн сар нь илүү  гэж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт хүндхэн хавар, зуныг туулах болж байна.

Өвөлдөө цас багатай орсон  газар өдийд хараар хүйтрэнэ гэдэг  малын хот хороо, хэвтэр бууц хөлдөхөөс эхлээд малчдад  тун халгаатай. Чухам л “дунд идэш, дулаан хэвтэр” гэдэг болохнээ.

Харин баруун аймгуудын нутагаар энэ их хүйтрэхгүй өнгөрөх бололтой.