2022-09-25
АНУ доллар 3,285.81₮
Ангилал: Боловсрол

Ангид халдвар гарвал 3 хоног цахимд шилжиж, 4 дэх өдрөөс шинж тэмдэггүй хүүхдүүдийг хичээллүүлнэ

2022-02-11 11:01:50

Ирэх Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхтэй холбогдуулан тухайн ангийн хүүхдээс халдвар илэрсэн тохиолдолд хичээлийг гурав хоног цахим руу шилжүүлэн, дөрөв дэх хоногоос шинж тэмдэг илрээгүй хүүхдүүдийн хичээлийг танхимаар үргэлжлүүлэх зөвлөмжийг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ. 
 

Энэ талаар УОК‑ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэнгээс тодрууллаа.

- Танхимд халдвар бүртгэгдсэн тохиолдолд гурав хоногийн хугацаатай цахимд шилжих зөвлөмж ЕБС, цэцэрлэг аль алинд нь хамаарах уу, өөр ямар зөвлөмж өгч байгаа вэ?

- Халдвар бүртгэгдсэн тохиолдолд хичээлийг гурав хоногийн хугацаатай цахимд шилжүүлэх зөвлөмж сургууль, цэцэрлэг аль алинд нь хамаарна. 

Мэдээж хэрэг халдварын эрсдэлээс сэргийлж танхимд агаар сэлгэлт хийх, амны хаалт тогтмол зүүх, гарын ариун цэврийг сахих дэглэмээ баримтлаад явна. Гэхдээ бага насны буюу 2, 3 настай хүүхдүүд амьсгалын дутагдалд орох эрсдэлтэй гэж үздэг учраас амны хаалт зүүхийг ер нь зөвлөхгүй байгаа.

- Хичээл 100 хувь танхимаар орохтой холбоотойгоор халдварын тархалт нэмэгдсэн тохиолдолд буцаад цахимд шилжих эсвэл 5/9 зарчмаар хичээллэх гэх мэт өөрчлөлтүүдийг зөвлөх үү?

- Халдварын давлагаа үндсэндээ дуусаж байна. Гэхдээ энэ долоо хоногт Цагаан сарын нөлөөгөөр халдварын тоо буцаад бага зэрэг өсөж байгаа. Хичээл танхимаар орохтой холбоотойгоор мөн өсөх байх. Хичээл эхлэхтэй холбоотойгоор халдварын давлагааны үргэлжлэх хугацаа сунжрах магадлалтай. Омикрон хувилбарын тархалт өмнөх хувилбаруудаас хурдан байгаа нь мөн хурдан буурахыг илтгэж байна. 

5/9 зарчмын хувьд халдварын тархалтыг бууруулахад үр дүнтэй арга байсан. Өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсэн хичээлийн үеэр энэ зарчмыг баримтлахад нийслэлийн нийт 423 сургууль дээр халдвар бүртгэгдсэний 80 хувьд зөвхөн нэг тохиолдол бүртгэгдсэн гэх судалгааны дүнг ХӨСҮТ-өөс танилцуулсан. Өөрөөр хэлбэл, сургууль дээр халдвар голомтолж тархах эрсдэлийг маш сайн бууруулсан гэсэн үг.

Багш нараас түүвэрлэсэн байдлаар судалгаа авахад 74 хувь нь 5/9 зарчмаар хичээллэх нь халдварын эрсдэлийг бууруулахад үр дүнтэй байгааг хэлсэн ч ажлын ачаалал нь нэмэгдэж байгаа талаар Боловсролын хүрээлэнгээс гаргасан судалгааны үр дүнд дурдсан байна.