2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Улс төр

Б.Энхбаяр: ХБ 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг шалгалтаар илрүүлсэн ч хариуцлага хүлээсэн хүн байхгүй

2023-02-06 11:09:11

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдан оролцож байна. 

Энэ үеэр тэрбээр "Миний хувьд 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Засгийн газраас томилогдож ажилласан. Томилогдсоноос хойш хоёр хоногийн дараа Хөгжлийн Банкны асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажлыг 21 хоногийн хугацаанд хийж, Засгийн газарт танилцуулах удирдамж батлагдсан. Тус ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ-ны төлөөллөөс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүн багтсан. 

Тухайн үеийн шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн юм. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гаргасан. 2016 оны есдүгээр сард тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байлаа. 

Ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн Банкны 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн юм. Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн. Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн байхгүй.

Үндсэн Хөгжлийн Банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь манай улсыг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй гэдэг асуудлаас үүдэн ажлын хэсгийн шалгалтын дүнг Засгийн газар хаалттайгаар хэлэлцсэн. Хаалттай хэлэлцсэн учраас нууцын тамга тавигдсан юм. 

Хөгжлийн Банкны шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж болохгүй нөхцөл байдал үүссэн. Эхний шалгалтын дүнг Засгийн газарт танилцуулахад үргэлжлүүлэх чиглэл өгсөн юм. 

Монгол Улс даяар хийгдсэн 370 төсөл арга хэмжээг 20 хүнтэй ажлын хэсэг 21 хоногийн хугацаанд шалгах боломж байгаагүй. Тиймээс энэ шалгалтын ажлыг тухайн үеийн сайд нар эрхлэх ажлынхаа хүрээнд үргэлжлүүлж шалгах ёстой гэсэн шийдвэр гарсан" гэдгийг хэлсэн юм.