2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Нийгэм

Ромын пап Монголд ирнэ

2023-02-06 10:31:59

Ромын пап Францис өчигдөр /2023.02.05/ мэдэгдэл хийхдээ өвдөгний өвчин сэдэрсэн ч айлчлалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Тэр энэ тухайгаа ярихдаа хогийн ургамал хэзээ ч үхдэггүй гэж хошигносон байна. Пап лам Африкийн Конго болон Өмнөд Судан улсад айлчлаад ирсэн. Түүнийг айлчлалаас эргэж ирэхэд сэтгүүлч дараагийн төлөвлөгөөг нь асуужээ.

“Би есдүгээр сарын 29-нд Марсельд очно. Тэндээсээ Монгол руу нисэхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ нь тодорхойгүй байгаа” гэж пап лам хариуллаа. Хэрвээ пап лам Монгол Улсад ирвэл энэ нь түүний Азийн орнуудад хийж буй анхны айлчлал болох юм. Францын өмнөд хэсгийн Марсель хотод хийх айчлалыг сэтгүүлчид, олон нийт мэдэж байсан ч Монголын талаарх мэдээлэл нь цоо шинэ зүйл байв. Зарим хүн үүнийг Ангол улс гэж боджээ.

“Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ. Мөн католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахаар хичээж буй Хятад улстай хиллэдэг гэдэг утгаараа стратегийн ач холбогдолтой улс гэсэн байна. Ромын пап Францис өнгөрсөн наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.

Пап лам наймдугаар сард Португал руу айлчлана. Мөн ирэх жил Энэтхэг рүү явах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Ромын пап Францис ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд ашиглахаар тооцож, огцрох өргөдлөө бичсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэр энэ өргөдлөө 2013 онд Ватиканы нарийн бичиг Тарсисио Бертонег огцрохоос ч өмнө бичиж, хадгалуулсан аж. 86 настай пап Францис өвдөгний хууч өвчтэй. Амарч хэвтэх ёстой, шаардлагатай бол айлчлалуудаа хойшлуул гэж эмч нар түүнд зөвлөжээ.


Эх сурвалж: REUTERS