2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” ээлжит арилжаагаар 32 мянган тонн нүүрс худалдаална

2023-03-06 16:30:12


Монголын хөрөнгийн биржээр дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 10-нд ээлжит арилжаагаа зохион байгуулна. Тус арилжаагаар таван багц буюу нийт 32 мянган тонн нүүрс худалдаалах аж. Дуудах доод үнэ тонн тутам нь 193.8 ам.доллар бөгөөд дэнчингийн хэмжээ нь 310 мянган ам.доллар байхаар тогтжээ. Засгийн газрын хуралдаанаар, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулсан. Тус шийдвэр гарснаас хойших анхны, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд дөрөв дэх арилжаа юм.

 Тус компани биржийн анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж, үүнээс хойш гурван удаагийн арилжаагаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 160 мянган тонн нүүрс борлуулаад байна. 

Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилсөн. Үүний дагуу БНХАУ-ын Ганцмод боомтын нүүрс ачиж буулгах талбайд дээрх 32 мянган тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх сарын 15-ны дотор хүргэх үүрэг хүлээжээ. Харин худалдан авагч тал чингэлэг болон түүнтэй холбогдох бүхий л зардлыг хариуцах бөгөөд 200 чингэлэг бэлтгэх шаардлагатай юм байна.