2024-10-14
АНУ-ын доллар 3,385.87₮
Ангилал: Боловсрол

Эрдэнэс Оюу Толгой ХХК Улсын Химийн олимпиадыг хамтран зохион байгууллаа

2023-04-28 13:04:04

      Улсын Химийн ХХXII олимпиад 2023 оны 04 дүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Жил ирэх тусам хүрээгээ тэлж, оролцогчдын мэдлэг, чадвар нэмэгдэж буй Улсын Химийн олимпиадад нийслэл болон 21 аймгаас багш, сурагчид 3 ангилал тус бүрд оролцож тэргүүн байрын эзэд шагналаа гардан авлаа. 

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд суурь дөрвөн хичээл буюу Физик, Хими, Математик, Мэдээлэл зүйн Улсын олимпиадуудыг хоёрдох жилдээ ивээн тэтгэн, хамтран зохион байгуулаа. Энэ удаагийн Химийн Улсын 32 дугаар олимпиад нь үндсэн гурван ангилал буюу есдүгээр ангийн 43, аравдугаар ангийн 45, багш нарын ангиллын 33 буюу нийт 121 сурагч, багш оролцож ангилал тус бүрээс тэргүүлсэн 18 оролцогч шагналаа гардан авсан юм.

Олимпиадын шагнал гардуулах арга хэмжээний үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат амжилттай оролцсон багш, сурагчдад халуун баяр хүргэн үг хэллээ. Тэрээр Улсын Химийн олимпиадыг зохион байгуулахад нэг талаас компанийн нийгмийн хариуцлага, нөгөө талаас химийн хичээлд суурилсан ирээдүйн шилдэг мэргэжилтэн боловсон хүчнийг төрөн гаргахыг дэмжих үүднээс бид хоёрдох жилдээ Монголын Химийн Олимпиадын Хороотой хамтран зохион байгуулж байна. Оюу Толгой төслийн ирээдүй бол мэдлэг, чадвартай монголчууд билээ. Математик, хими, физик, мэдээлэл зүйд суурилсан инженерчлэл, геологийн нарийн мэргэжлүүд дэлхийн нэн эрэлт хэрэгцээт мэргэжлүүдийн эхний аравт бичигдэж байгаа энэ чухал цаг үед ЭОТ ХХК Улсын Химийн олимпиадыг хамтран зохион байгуулсандаа баяртай байна. Өнөөдөр амжилт үзүүлж, байр эзэлсэн сурагчид  ирээдүйд шилдэг мэргэжилтнүүд болж, дэлхийн хэмжээний мега төслүүдэд ажиллаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцоно итгэж байна гэлээ.