2024-04-28
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Уул уурхай

Оюутолгойн асуудлыг Лондонгийн Арбитрын шүүхээр хэлэлцэнэ

2023-08-01 13:35:37

      УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх ажлын хэсэг, Засгийн Газрын гишүүдтэй өргөтгөсөн байдлаар хуралдаж байна. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн дэд сайд Б.Солонго, Хууль зүйн ТНБД П.Сайнзориг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Ү.Амарбат нар оролцож байна.

2021 оны арванхоёрдугаар сарын 30 өдөр Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсан байдаг. Уг Тогтоолд:

Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж дараах арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй:

1/Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь /Эрдэнэс Оюу Толгой ХХК/-д ногдох Оюу Толгой ХХК-иас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

2/Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох;

3/Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх;

4/Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюу Толгой ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх;

5/Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

6/татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж үзсүгэй.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Б.Баттөмөр/-нд даалгасугай гэж ээ.

Тэгвэл УИХ-ын 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хаврын чуулган завсарлахаас хэд хоногийн өмнө  "Ирэх наймдугаар сарын 12-ны өдөр Лондонгийн Арбитр дээр  маргаан хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдана. Цаг хугацааны хувьд нилээн шахуу асуудал. Өнгөрсөн 2021.12.30-нд УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зургаан үүрэг даалгаврыг Засгийн газар даалгасан. Засгийн газраас даалгасан 6 чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард жил гаруй суусан. Энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлаж асуудлыг шийдэх үү? Бид үүнээс өмнө чуулган дээр 103 дугаар тогтоолын хэрэгжилтыг танилцуулах шаардлагатай. УИХ хэрхэн шийдвэр гаргахаас шалтгаалж, Арбитр дэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. Чуулганы төгсгөлд хэлэлцэхээр иргэний нийгмийн байгууллагуудаас хулгайгаар хэлэлцлээ гэх асуудал үүсэж болзошгүй гэдэг үүднээс Ээлжит бусаар энэ асуудлыг хэлэлцэх үү яах уу? Үүнийг УИХ-ын даргаас чиглэл авмаар байна" гэсэн юм.

Түүний асуултанд УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд энэ асуудал байхгүй. Ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудлыг даргын дэргэдэх зөвлөл шийднэ. 103 дугаар тогтоолын хэрэгжилт  гэх үү? баримт бичиг нь өргөн баригдсан байх хэрэгтэй" гэсэн хариултыг өгч байсан юм.  Тиймээс энэ сарын 12-нд Лондонгийн Арбитр дээр болох шүүх хуралдаантай холбоотойгоор ажлын хэсэг хуралдсан байх магадлал өндөр байна.