2024-04-28
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Уул уурхай

Н.Цэрэнбат: “Оюутолгойн татварын маргаан арбитрын шүүх дээр үргэлжилж байгаа”

2023-10-11 13:14:04

 

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган “Mining week-2023” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр “Эрдэнэс оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай ярилцлаа.


-“Mining week” хөрөнгө оруулагчдын чуулган хоёр дахь жилдээ болж байна. Энэ удаагийн чуулган ямар онцлогтой болж байна?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд салбарт хийгдэж эрх зүйн шинэчлэлээ танилцуулж байна. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд уул уурхайн салбарт ямар өөрчлөлт гарах уу. Ямар шинэ боломж бий болгож байгаа талаар хөрөнгө оруулагчдад танилцуулсан нь онцлог болж байна. Ашигт малтмалын хуульд олон давхардал хийдэл байдаг. Орон нутаг болон төрийн захиргааны байгууллагуудын зүгээс ямар хүндрэл байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ бүхнийг засаж залруулах ямар өөрчлөлт хийсэн гэдэг талаар мэдээлэл өглөө. Мөн бусад илтгэгчдийн зүгээс уул уурхайн салбарт гарч буй дэлхийн шинэ технологи инновацийг нэвтрүүлсэн компаниудын жишээг танилцууллаа. Шинэ технологи ололтыг нэвтрүүлж байгаа компаниудын төлөөлөл ч бусад улсад нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцлаа. Тухайлбал, хайгуулын салбарт дэлхийн хөгжиж буй олон орны төр засаг өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, ерөнхий хайгуулын ажлаа санхүүлдэг гэдгийг олон жишээгээр онцолж байна. Африкийн Унганда улс үүнийг хийж чадсан байна. Монгол хөрөнгө оруулдаг Австрали улсын уул уурхайн салбарт төр нь сүүлийн таван жил тасралтгүй хийсэн хайгуулын дүнд ашигт малтмалын нөөц нь хэрхэн өссөн зэргийг танилцууллаа. Өссөн нөөцийн дагуу судалгаа үйлдвэрлэлийн шатанд хэдэн хүнийг ажлын байраар хангасан гэдэг мэдээллүүдийг өгч байна.

-Монгол Улсын хувьд хайгуулын хөрөнгө оруулалт хангалттай байгаа юу. Хувь компаниуд чадамж хэр өндөр байгаа вэ. Сүүлийн хэдэн жил хайгуулын хөрөнгө оруулалт хангалттай байсангүй?

-“Mining week” арга хэмжээний гол зорилго энэ салбарт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах байдаг. Олон өөрчлөлт хийж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд гарч байсан хүндрэлүүдийг зогсоох юм. Төрөөс энэ салбарт хүндрэлтэй байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр бүтэн жилийн хугацаанд ажилласан. Туршилтаар ерөнхий хайгуулын ажлыг гүйцэтгэсэн. Хайгуулын салбар дахь төсвийн хөрөнгө оруулалт ирэх онд нэмэгдэж байгаа. Энэ удаагийн чуулганд оролцож байгаа илтгэгчид хайгуулын салбарын хөрөнгө оруулалт талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

-Компаниудын хувьд хайгуулын салбарт хөрөнгө оруулах сонирхлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ямар шинэ зүйл яригдав?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх ерөнхий суурь судалгаа, тусгайлсан сонголттой талбайн хайгуулыг хувийн хэвшилд өгнө гэдгийг хэллээ. Ер нь бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн.

-Хайгуулын салбарт тулгамдаж байгаа асуудал нь орон нутгийн иргэдийн эрх ашиг байдаг. Орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдсөнөөр ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх ажилд саад болдог талтай?

-Одоо бидэнд тулгамдаж байгаа асуудал тухайн төслийг хэрэгжүүлж байгаа компаниуд орон нутгийн иргэдэд ямар ажил хийж байгаа гэдэг мэдээллээ дутуу өгдөгтэй холбоотой. Тухайн орон нутгийн иргэдийн олон шүтэж ирсэн хайрхан, хориглосон бүсэд замбараагүй ажилладаг зэргээс зөрчилдөөн гардаг. Орон нутагтайгаа ойлголцоод, ажлаа нарийвчлан танилцуулаад явсан үл ойлголцол буурч байгаа.

-Хайгуулын ажлын хэдэн хувь ашиглалт, олборлолт болж чадаж байгаа вэ?

-Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй орд нээн илрүүлж чадаж байна уу гэдэг асуудал байгаа. Монгол Улсад хайгуулын 800 гаруй тусгай зөвшөөрөл байхад, ашиглалтаа нэмэхэд 1380 гаруй боллоо гэдэг чамлалттай. Нөгөө талдаа тухайн компанийн эдийн засгийн чадавхиас хамаарч байгаа. Томоохон орд газрын бүтээн байгуулалт 23 жилийн дараа уул уурхайн төсөл болж байна. Дэлхийн уул уурхайн төслийн хэмжээнд очтол хөгжүүлэлт 15-20 жил байдаг. Тэгэхээр бид хөрөнгө санхүү талаасаа дотоодын компаниудыг дэмжих талаар анхаарах хэрэгтэй. Мөн уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын хэрээр зардал багатай, үр ашигтай технологи нэвтрүүлэх ёстой.

-Ашиг малтмалын хуулийн шинэчлэл яригдаж байна.  Эрх зүйн шинэчлэлд ямар томоохон өөрчлөлт, шинэчлэл яригдаж байгаа вэ?

-Олон жил яригдсан 150 гаруй давхардал хийдэл, үл ойлголцол үүсгэдэг зүйл заалтуудыг цэгцэлнэ. Энэ салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт ил тод, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хангасан байдлаар өөрчлөлт хийхээр байгаа. Засгийн газраас бусад хуулиудыг мөрдүүлэх байдлаар бүх талын оролцогч нарын эрх ашгийг хангах өөрчлөлтийг агуулсан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байгаа.

-“Эрдэнэс оюутолгой” компанийн хувьд “Оюутолгой” төсөл дээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа. Хөрөнгө оруулагч талтай татварын маргаан өрнөж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Татварын маргаан арбитрын шүүх дээр явж байгаа. Засгийн газрын хуулийн ажлын хэсэг ажиллаж байна. Талууд хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх үйл явцтай байна.

Хөрөнгө оруулагч талтай татварын маргаанаас өөр асуудал байгаа юу?

-Ерөнхийдөө томоохон асуудлууд цэгцэрсэн. Цаашид “Оюутолгой” төслөөс талуудын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх талаар Монголын талын байр суурь хэвээрээ байгаа. Хөрөнгө оруулагч талын хүлээн зөвшөөрөхгүй зүйлүүд ч байна. Бид энэ чиглэлээр гарц, гаргалгаа гаргахаар ажиллаж байгаа.