2024-04-29
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Эрүүл мэнд

"ХДХВ-ийн шинэ тохиолдол 60 мянгад хүрч, 2000 хүн нас барах байсан"

2023-12-07 15:31:01

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьегийн төслийн 20 жилийн тайлангийн хурал өнөөдөр /2023.12.07/ боллоо.


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээ улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг шинээр тогтоож, таван тэрбумыг улсын төсөвт тусгасан. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлоготой уялдуулах чиглэлээр ажиллаж байна. "Глобаль сан"-тай хамтран ажилласан 20 жилийн хугацаанд ДОХ-ын тархалтыг тогтоон барьж чадсан.

Ингэж арга хэмжээ аваагүй бол халдварын шинэ тохиолдол 60 мянгад хүрч, 2000 гаруй хүн нас барах байсан гэдэг тооцооллыг гаргасан байдаг.

Түүнчлэн алслагдсан улс орнуудад эрт илрүүлгийг идэвхжүүлэх, шинэ оношилгооны технологийг бүх шатлалд нэвтрүүлж, сүрьеэгийн шалтгаант нас баралтыг тав дахин бууруулсан байна. Өнгөрсөн хугацаанд нийт 97 мянган сүрьеэгийн халдвартай хүн оношлогдож, эмчлэгдсэнээр олон мянган хүнийг халдвараас сэргийлсэн байна.

 

ЭМЯ-ны "Глобаль сан"-гийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн зохицуулагч Ж.Наранжаргал:

-"Глобаль сан"-гийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн ЭМЯ-ны хэрэгжүүлдэг төсөл байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт найман мөчлөг бүхий төслийг Монголд хэрэгжүүлсэн байна. Ирэх 2024-2026 онд энэ сангаас гурван жилийн хугацаанд 14 сая ам.долларын төслийг зарцуулахаар төлөвлөөд байна. "Глобаль сан"-гийн төсөл дэлхийн 100 гаруй улсад хэрэгждэг. Ингэхдээ ДОХ, сүрьеэ, хумхаагийн эсрэг төсөл хэрэгжүүлдэг бол Монголд ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлдэг. Өнгөрсөн 2003 онд сүрьеэгийн нэгдүгээр үеийн эмнэлгийг үнэ төлбөргүй иргэдэд өгч байсан бол өнөөдөр Засгийн газар энэ эмийг үнэ төлбөргүй гаргадаг болсон байна. Сүрьеэгийн төсөл дээр жишээ татахад, цэрний шинжилгээг хийхдээ түрхэц бэлдэж, олон хоног бактерийг ургуулж оношилдог байсан бол одоо 21 аймаг, есөн дүүрэгт энэ төрлийн шинжилгээг богино хугацаанд өгөх боломжтой болсон.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын  нийт тохиолдлын 30 орчим хувь нь төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагааны үеэр илэрсэн. Өнгөрсөн 2022 онд хийсэн тооцооллоор Монголд 2023 онд 645 хүн халдвартай байх магадлалтай бөгөөд ХДХВ-ийн халдвартай байж болох хүмүүсийн 47 хувь оношлогдсон гэдгийг албаныхан мэдээллээ.