2024-10-14
АНУ-ын доллар 3,385.87₮
Ангилал: Засгийн газар

Ерөнхий сайд ДЭЗЧ-д оролцохдоо сэргээгдэх эрчим хүч, хот төлөвлөлт зэргийн хамтын ажиллагааны талаар

2024-01-10 12:36:38


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулган(ДЭЗЧ)-д оролцоно.

Тэрбээр тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорацуудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөж байна. “Өвлийн Давос” хэмээх энэхүү арга хэмжээнд манай улс 20 жилийн дараа Ерөнхий сайдын түвшинд оролцох гэж байна.

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар