2024-04-29
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Улс төр

Б.Энхбаяр: Бүлэглэл бүх талаар ажилласан ч "Нүүрсний сонсгол"-ыг амжилттай зохион байгуулж чадлаа

2023-12-22 15:35:09


УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Нүүрсний сонсгол” өндөрлөлөө. Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК тойрсон асуудлыг энэ долоон хоногт хэлэлцэж дууслаа. Сонсголыг хааж Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр үг хэллээ.

Тэрээр “Ард иргэд ээ, эрхэм гишүүд ээ, УИХ-ын 2023 оны 63 дугаар тогтоолоор Тавантолгой ХК болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа үйлчилгээ, худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг 2023 оны намрын ээлжит чуулганы хуралдаанд багтаан танилцуулах бүхий хяналт шалгалтын түр хороо байгуулагдан ажиллаж, өнөөдөр нотлох баримтыг шинжлэн судлах сүүлийн хуралдаанаа амжилттай зохион байгуулан өндөрлөж байна.

Монгол төрийн хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөлийн байгууллагаас хянан шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 2019 онд Монгол Улсын Үндсэн  хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн бол өнөөдрийн УИХ-ын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримтын хамт иргэд олон нийтэд ил тод, нээлттэй болгож чадлаа. Сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй.

Түр хорооноос 2023 ны арванхоёрдугаар сарын 4-7, 18-22-ны өдрүүдэд зохион байгуулсан сонсголоор хяналт шалгах түр хорооны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 19-р тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судалсан дарааллын дагуу нийт 60 сэвдээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд нотлох баримтыг шинжлэх судалсан шинжээчийн дүгнэлт, хянан шалгагчдын тайланг сонсон, шаардлагатай бичиг баримтуудыг танилцуулсан. Мөн холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариут авач, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан бөгөөд давхацсан тоогоор нийт 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 буюу 72.6 хувийн гэрч хүрэлцэн ирж оролцсон байна.

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 16 хянан шалгагч шинжээч, ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-ын төлөөлөл, сонсгол даргалагчийн хувиар Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд ажиллалаа.

Монгол Улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасныг та бид мэднэ. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, ард түмний мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулсан нүүрсний сонсголыг явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого нүүрсний хулгайтай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг энд зориуд тэмдэглэе.

Эрхэм нөхөд өө, сонсголыг амжилттай зохион байгуулах гол ажлыг нугалж, богино хугацаанд ажилласан хянан шалгагч, шинжээч нартаа УИХ-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Мөн УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулж ажиллуулах, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн хууль зөрчсөн олон ажиллагааг ард түмэнд  нээлттэй болгох түүхэн шийдвэрийг гаргахад улс төрийн манлайлал үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, "Нүүрсний хулгай"-тай тэмцэх ажлыг эхнээс дэмжиж, улс төрийн эр зориг манлайлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, идэвх санаачилгатай ажилласан УИХ-ын гишүүн, хянан шалгах түр хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, О.Цогтгэрэл нарт, сонсголыг амжилттай зохион байгуулсан УИХ-ын тамгын газрын хамт олон талархсанаа илэрхийлье. Иргэдийн мэдэх эрхийг хангаж УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголыг тасралтгүй нэвтрүүлсэн МҮОНРТ болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийт сэтгүүлчдэдээ баярлалаа.

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн сонсгол нь шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоох, хариуцлага тооцох, Монголын ард түмний өмч, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зөв зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Монгол бол ардчилсан нээлттэй улс. Төрийн эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байх, ард түмэн сонгож байгуулсан төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хаасныг мэдэгдье” гэлээ.