2024-05-17
АНУ-ын доллар 3,381.05₮
Ангилал: Нийслэл

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид авчээ

2024-04-30 12:18:09


2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд болсон НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, бүртгэх шийдвэр гаргасан байна.

Мөн "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн БНСУ-ын "T-money групптэй" хамтран ажиллах гэрээг цуцалж, системийг өөр шийдэлтэй системээр сольж, үйл ажиллагааг Нийтийн Тээврийн Газарт хариуцуулан, хөрөнгийг нь нийслэлийн өмчид авахаар болжээ.

Харин нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасав.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаас гаргасан шийдвэрүүд:

  • Нийслэлийн өмчит “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн холбогдох төслүүдийг Зам Тээврийн Яам болон нийслэлд хариуцуулж байгаатай холбогдуулан уг компанийг татан буулгах тогтоолын төслийг дэмжив.
     
  • Нийтийн тээврийн орлого жил бүр буурсаар байгаа учир нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, нийслэлийн төсөвт учрах дарамтыг багасгах зорилгоор БНСУ-ын "T-money" групптэй хамтран ажиллах гэрээг цуцалж, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр сольж, үйл ажиллагааг нь Нийтийн Тээврийн Газарт хариуцуулан, хөрөнгийг нь Нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. 
     
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын өргөтгөлийн барилга болон 4-р хороонд байрлах 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49 хувь, СХД-ийн 21-р хороо агуулахын барилга байгууламжийг тус бүр өмч хувьчлалын жагсаалтаас хасав. 
     
  • “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, бүртгэлээ.
     
  • Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, Баянзүрх дүүргийн 8, 318, 320 дугаар цэцэрлэгийн барилга, байгууламж, Хан-Уул дүүргийн 145, 322, 324, 325 дугаар цэцэрлэгийн барилга нийт 22 тэрбум гаруй өртөг бүхий найман барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв.
     
  • “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн хоёр ширхэг барилга, ус түгээх зургаан ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хаслаа.
     
  • 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй хоёр тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, төрийн өмчид шилжүүлэв.
     
  • Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Ус дулаан дамжуулах төв, Конторын өргөтгөл, 7 дугаар хорооны цехийн барилга, Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны салбар байр 4, хашааг тус бүр Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасжээ.