2024-11-12
АНУ-ын доллар 3,410.72₮
Ангилал: Улс төр

Л.Гантөмөр: Бид Монголын ардчиллыг хамгаалж сонгуульд оролцоно

2024-05-27 15:41:49


УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааны дараа АН-ын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэлттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал, нийтэд түгээд буй зөрүүтэй мэдээллүүдэд хариулт өгсөн Л.Гантөмөрийн мэдээллийг товчлон хүргэе.

АН-ын дарга Л.Гантөмөр “АН УИХ-ын ардчилсан ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн. Манай нам сонгуульд оролцох бүртгэл, нэр дэвшүүлэлтээ дүрэм журмын дагуу бүрэн хийж, хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг зарласан. 2016, 2020 оны сонгуульд АН үсгүй ялагдсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдсан. Энэ удаагийн сонгууль бол зүгээр нэг УИХ-ын сонгууль биш, Монголын ардчилал байх уу, үгүй юү гэдгийг шийдэх сонгууль. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүд, намын удирдлага “Бүтэн Монгол-Бүрэн ардчилал” үндэсний хөтөлбөрөө гаргахын тулд орон даяар 2-3 удаа бүтэн тойрсон. Ингэж явахдаа Монголын асуудал нь юунд байна вэ гэдгийг маш нарийн тодорхойлж гаргасны үндсэн дээр эдгээр асуудлыг шийдэх парламентыг бүрдүүлэх гишүүдээ нэр дэвшүүлж, илгээлээ. Монголын хамгийн том асуудал бол авлига. Авлигыг шийдэж чадах хүмүүсийг л илгээгээрэй гэж АН-ын гишүүд, дэмжигчид захиж байна. Дараагийн том асуудал бол ажилгүйдэл, үнийн өсөлт. Ажилгүйдэл, үнийн өсөлтийн дарамтыг арилгах баг бүрэлдэхүүнийг ард түмэн хүсч байгаа.

Монголчуудын хамгийн том зовлон бол өр. Өрийн дарамтад бүгд орсон байна. Өрийн эргүүлгээс Монголыг чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол хийх ажил болно. 126 нэр дэвшигчийг тодруулахад тавьсан хамгийн гол дөрвөн шалгуур бол энэ.

Нэр дэвшигчдээ тодруулахдаа эхлээд бид намын гишүүдээсээ асуусан. Дараа нь аймаг, дүүргийн намын хороодоос асуусан. Тэгээд Сонгон шалгаруулах хороо байгуулж, тэндээ сонгон шалгаруулалтыг хийлээ. 78 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчийг гаргаж ирэхдээ бид тойрог бүрт дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх шийдэл, ард түмний хүлээлт зэргийг үндэслэж нэр дэвшигчдээ тодруулсан.

Өнгөрсөн найман жилд шийдэгдээгүй авлига, хулгай, дээрэм, өр, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн уналтыг шийдэж чадах гарц, шийдэлтэй хүнийг л бидэн рүү явуулж өгөөч гэж ард түмэн хүсч байгаа нь бүх түвшинд хэлэлцэгдэж гарч ирсэн.

Тиймээс бид ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй бол болохоо болилоо гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүллээ. Шинэ залуу нэр цэвэр улс төрчийг явуулаач гэсэн нийтийн хүлээлт байгаа учраас хуучин улс төрчид, засаг, төрд ажиллаж байсан хүмүүсээ олонхийг нь хойш суулгасан. “Та хэд минь энэ удаа АН-аа дэмжиж, ардчиллаа хамгаалж оролцоод өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Туршлагатай улс төрчид маань ч үүнийг ухамсарласан. Шинэ залуу хүн хүсэж байгаа олон нийтийн хүлээлтэд хариулахгүй бол болохгүй гэдэг байдлаар энэ удаагийн нэр дэвшүүлэлтийг хийсэн гэдгийг дахин онцолъё. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь шинэ залуу үеийн төлөөлөл, анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс. УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан 20 орчим хүн бий. Бид тодорхой шийдэл, туршлага харахаас гадна сонгогчдын итгэлийг тээж, дэмжлэгийг авч чадах шонхоруудыг илгээсэн.

Жагсаалтад бичигдсэн 48 нэр дэвшигчийн тухайд, улс төрийн ажлын туршлагатай 4-5 хүн л орсон. Бусад нь нийгмийн бүх салбарын төлөөлөл.

Одоо АН-ын 126 нэр дэвшигчийг бүртгэж авах, материалыг нь хянах процесс СЕХ-нд үргэлжилж байна. АН сонгуульд оролцохоо илэрхийлээд батламжаа авчихсан. Манай нам Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно. АН-ын шийдвэр нэг. Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг байгаа. Энэ шийдвэрт бусад зүйл нөлөөлөхгүй” гэв.