2024-04-19
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Дэлхий

APEC-ийн чуулганаар гишүүн орнууд нэгдсэн зөвшилцөлд хүрч чадсангүй

2018-11-19 10:16:40

APEC-ийн гишүүн орнууд Папуа Шинэ Гвинейд хоёр өдөр чуулсан ч нэгдсэн зөвшилцөлд хүрч чадсангүй. Гишүүд санал зөрөлдсөн гол шалтгаан нь АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас гадна Дэлхийн худалдааны байгууллагын бүтцийг шинэчлэх асуудал байсан гэж Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд тайлбарлалаа.

APEC-ийн гишүүн 21 улс 1993 оноос хойш жил бүр чуулж эхэлснээс хойш нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй тохиолдол өмнө нь гарч байгаагүй гэж ажиглагчид онцолж байгаа юм.

Питер О-Нейл “Олон улсад сорилт бэрхшээлүүд, өнөөдөр тулгараад байгаа эдийн засгийн нөхцөл байдлуудтай зэрэгцээд бидэнд шинэ сорилтууд тулгарсан. Үүнийг APEC-ийн гишүүд ойлгож байгаа байх. Дэлхийн хэмжээнд худалдаа хийж байгаа орнуудын дунд маргаан ширүүсэж байгааг харж байгаа байх. Гэхдээ APEC-ийн гишүүнд тэгш бус байдлаа бууруулахын тулд үргэлжлүүлэн хичээх болно. Эдийн засгаа төрөлжүүлж, хамтарч ажиллах болно. Ингэснээр худалдааны саад тотгоруудыг арилгаж, эдийн засгийн өсөлтийг хангаж, бүх иргэдэд хөгжил цэцэглэлтийг авчрах юм” гэж мэдэгдлээ.

APEC-ийн чуулганы үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс улс орнуудыг БНХАУ-д их хэмжээний өртэй болохоос сэргийлэхийг уриалсан байна. Мөн АНУ “Худалдааны дайн”-ыг эцэслэхэд төдийлөн яараагүй бөгөөд БНХАУ эхэлж бодлогоо өөрчлөхөөс нааш АНУ одоогийн бодлогодоо өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгджээ. Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Худалдааны дайн”-д ялагч гэж байхгүй хэмээн онцлоод, АНУ-ын худалдааны нэг талт, протекционист бодлогыг шүүмжилсэн байр суурь илэрхийлсэн байна. АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар энэ сарын 30-наас 12 дугаар сарын нэгэнд Аргентинд болох “Их 20”-ийн чуулганы үеэр уулзах товтой байгаа юм. Энэхүү уулзалтаар талууд зөвшилцөлд хүрэх нааштай таамаг давамгайлж байна. Хэдий тийм боловч APEC-ийн чуулганы үеэрх мэдэгдлүүд талуудын дунд сорилт нэмэгдүүлж байгааг ажиглагчид онцолж байгаа юм.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс “APEC-ийн чуулганы үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хоёр удаа уулзаж ярилцсан. Илэн далангүй санал солилцсон. БНХАУ худалдаандаа тариф, квот тогтоож, технологи, оюуны өмч хулгайлснаар энэ бүгд эхэлсэн. Цаашлаад далай тэнгисийн тээвэр, хүний эрхийн асуудлууд байна. Энэ асуудлуудаар хоёр улсын тэргүүн нар “Их 20”-ийн уулзалтаар хэлэлцэнэ. Ши Жиньпинтэй уулзах үеэр АНУ, БНХАУ-тай илүү сайн харилцаатай байхыг эрмэлзэж байгааг тодотгож хэлсэн. Гэхдээ заавал өөрчлөлт бий болох шаардлагатай. Тиймээс энэ хүрээнд Аргентины уулзалтын үеэр бидэнд хамгийн таатай саналуудтай ирэхийг зөвлөсөн” хэмээн мэдэгджээ.
 
Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Хүн төрөлхтөн дахин салаа зам дээр ирээд байна. Бид аль замаар нь явах вэ. Хамтын ажиллагаа юу, зөрчилдөөн үү. Нээлттэй бодлого уу, хаалттай бодлого уу. Харилцан ашигтай байдал уу, нэг нь хожоод бусад нь хождог нөхцөл байдал уу. Улс орнуудын эрх ашиг, хүн төрөлхтний ирээдүй бидний сонголтоос шалтгаална" гэж онцолжээ.

Эх сурвалж: Bloomberg Tv Mongolia