2024-04-26
АНУ доллар 3,377.35₮
Ангилал:

Э.Анхбаяр дэлхийн тайзнаа дахин тэргүүллээ

2018-12-25 10:09:27

Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхим болон алдарт Мариинский театрт болсон байна. Тус уралдаанд дуурийн дуучин Э.Анхбаяр амжилттай оролцож дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ. Дэлхийн олон орны 18-33 насны дуучин оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүн явуулжээ.

Э.Анхбаяр одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа. Тэрбээр энэхүү уралдаанд амжилттай оролцсоноор гурав дахь В зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртэж байгаа юм.
Э.Анхбаяр өмнө нь 2007 онд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын тавдугаар уралдаанд II байр, ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит Х уралдаанд гранпри шагнал, 2011 онд ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дэд байр, 2012 онд ОХУ- ын Улаан-Үд хотноо зохиогдсон Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын уралдаанаас гранпри шагнал, 2012 онд Д.Бандийн нэрэмжит ари романс дуулаачдын уралдаанаас гранпри шагнал, 2013 онд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд дэд байр эзэлж байсан.

Мөн түүнчлэн 2013 онд төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаанд гуравдугаар байр, 2014 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Курск хотноо болсон Г.Свиридовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд II байр, 2014 оны есдүгээр сард Казахстанд болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит олон улсын дуурийн долдугаар уралдаан болон 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр, 2017 оны есдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Елена Образцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр, 2017 онд Австри улсын Вена хотноо зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 40 орны 230 дуучдаас хоёрдугаар байр эзэлсэн билээ.