2024-04-19
АНУ доллар 3,376.43₮
Ангилал: Дэлхий

157 хүний аминд хүрсэн онгоцны хар хайрцгийг олжээ

2019-03-12 09:17:21

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц  3  дугаар сарын 10 нд нислэг хийгээд 6 минут болсоны дараа хяналтаас гарч осолдсон билээ. Ослын улмаас тус онгоцонд зорчиж явсан багийн найман гишүүн болон 30 улсын 149  зорчигч  нийт 157 хүн БҮГД амиа алдсан. 
 Тэгвэл ослын жинхэнэ зангилааг тайлах онгоцны хоёр хар хайрцагны бичлэгийг ослын  газарт ажиллаж буй аврагчид олсон талаар Этиопын Тээврийн яамнаас мэдээлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 
 
Хар хайрцагны мэдээллийг тайлахаар Этиопын эрх баригчид АНУ болон “The Boeing” компанийн шинжээчдээс тусламж хүссэн байна.  Ослын шалтгааныг тодруулах хамтарсан баг ирэх долоо хоногт мөрдлөгийн эхний тайлангаа танилцуулна. 

 
Хагас жилийн дотор “Boeing 737 Max 8” загварын онгоц осолдсон хоёр дахь ноцтой осол гарлаа. Индонезийн "Lion Air" компанийн  “Boeing 737 Max 8” онгоц өнгөрөгч оны аравдугаар сард осолдож, 189 хүн харамсалтайгаар амиа алдсан байсан юм. 
 
"Lion Air" компанийн удирдлагууд тус онгоцыг худалдан аваад удаагүй байхад ийнхүү осолдсон нь олныг гайхшруулсан юм.  БНХАУ, Индонез болон Этиопын эрх баригчид аюулгүй байдлын улмаас “Boeing 737 Max 8” онгоцыг нислэгт гаргахыг түр хугацаанд хоригложээ. Мөн дээрх ослын дараахан Boeing компанийн хувьцаа 12.9 хувиар унасан байна.