2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Боловсрол

Францын их, дээд сургуульд тэтгэлгээр 10 оюутан сургана

2019-03-12 11:26:25

Монгол Улсын БСШУСЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2019-2020 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Тус тэтгэлэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх, Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм.

Тэтгэлэг олгох чиглэл нь мастерын ба докторын сургалт /франц болон англи хэлээр/, хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

Элсэхийг хүсэгчид Монгол Улсын иргэн байх, Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх, суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлага, өмнө нь Монголын Улсын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд суралцаж байгаагүй зэрэг шаардлага хангах ёстой.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэлтийг Францын ЭСЯ-нд ирэх сарын 12-ныг хүртэл хүлээн авна. Нэмэлт мэдээллийг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-ны ажилтнаас 11-324519 утсаар холбогдож авах боломжтой.