2024-05-04
АНУ доллар 3,381.24₮
Ангилал: Нийгэм

​НҮБ-ын ассамблейн чуулганд Монгол Улс амжилттай оролцлоо

2019-03-15 11:45:13


Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо жил бүрийн III сард болдог НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ээлжит чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат амжилттай оролцлоо.

НҮБ-ын гишүүн орнуудын  байгаль орчны асуудал хариуцсан сайд нар жил бүр чуулж, салбарт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам эрэлхийлэн, саналаа нэгтгэдэг нь уг чуулганы онцлог юм.

Өнгөрсөн жилийн ассамблейн III хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны сайд нар бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн.
 

Монгол Улсын хувьд 1 удаагийн, нийлэг уутыг сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглосон. Саарал усыг үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн салбарт нэвтрүүлэх стандарт баталж, хүлээсэн үүргээ биелүүлж эхэлснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр хэлсэн.

Мөн тэрбээр байгальд ээлтэй өсвөр үе бэлтгэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубын сурагчдын дунд  хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар нүүрс хүчлийн хийг бууруулах байгаль орчны боловсрол эзэмшүүлэх “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар амжилттай эхлүүлснээ танилцуулж, чуулганд оролцогчдод Монголын сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт”-ыг гардуулан танилцууллаа.


 Энэ удаагийн ассамблейд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцсон нь онцлог байсан бөгөөд тэрбээр Монголын БОАЖ-ын сайдын санаачилсан “Ногоон паспорт” аяныг өндрөөр үнэлж, Монгол хүүхдүүд дэлхий нийтэд байгальд ээлтэй ирээдүйн жишиг болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.