2024-04-26
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Эдийн засаг

ТАТВАРЫН ХУУЛЬ: Хураасан барьцаа хөрөнгийг нь эргүүлж өгөхгүй хуулийн заалт оруулжээ

2019-03-22 16:39:40

Татварын хуулийн шинэчлэлд “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөл”, “ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон “Дагалдах бусад хуулийн төслүүд” багтсан юм.

Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарч, сайн татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримталсан өөрчлөлтүүдийг оруулсан гэж буй.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын санал дэмжигдсэн тул өчигдөр хэлэлцсэн. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн учир дутагдалтай зүйл заалтууд оруулж ирсэн байна.
 

-ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ТУСГАГДСАН ХҮЛЭЭН ЗӨВӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТУУД-

1.Татварын байцаагчдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтыг Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 70 дугаар зүйлд оруулжээ.

/70.1 Татварын алба өр хураах зорилгоор битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлж, мөнгийг холбогдох төсөвт төвлөрүүлнэ. Дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулж болно/ гэжээ.

Тус хуулийн 70 дугаар зүйл заалтууд нь татварын алба, татварын байцаагчид илүү эрх мэдэл олгосон. Тухайлбал, шүүх, прокуроргүйгээр, үйл ажиллагаа нь доголдсон банкинд онцгой дэглэм тогтоодог шиг хөрөнгийг нь битүүмжилж эргэж заргалдах эрхгүй, дэнчин тавихыг шаардах гэх мэтээр захиргаадалтын арга хэлбэр оруулсан байгаа юм. Нэг талаасаа татвараас зайлсхийх, төлөхгүй байх үйлдлийг хаах санаа нь зөв боловч Монгол Улсын хувьд хуультай, шүүхтэй, хяналт тавьдаг прокурорын байгууллагатай. Ийм учраас зөрчлийн хуулиар татварын аливаа зөрчил гарвал прокурорын хяналтаар тухайн зөрчлийг арилгах арга хэмжээ авдаг.

Гэтэл Захиргааны бөгөөд Зөрчлийн хуулиас энэ хяналтыг хасч бүх эрх мэдлийг татварын албанд өгч хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж хурааж авах Онцгой бүрэн эрхтэй болгох гэж буй юм. Хамгийн ноцтой зүйл нь битүүмжилсэн хөрөнгийн анхны дуудлага худалдааны үнийг татварын байгууллага тогтоодог болно. Энэ тогтоосон үнэд эрхээ хамгаалахаар ямар нэг маргаан үүсгэх боломжгүй болно. Хэрэв маргаан гаргах бол тухайн хөрөнгийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин тавихыг шаардах юм.

/70.4 Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй этгээд нь татварын албаны тогтоосон дэнчинг төлнө. Дуудлага худалдаанд оролцогч дэнчинг төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаанд оролцох эрхгүй/ гэжээ.

Тэгэхээр өмчөө хамгаалж маргаан үүсгэхэд иргэн дахиад мөнгө гаргах болж байгаа юм. Дээрээс нь татвараа төлчхөөд битүүмжлэгдэж, хураагдсан барьцаа хөрөнгөө буцааж авъя гэхэд өгөхгүй гэсэн заалтууд оржээ.

2.Татвараа төлж чадалгүй нас барсан хүний татварыг гэр бүлийн бусад гишүүд болон түүнтэй хамаарал бүхий хүмүүс төлөх тухай заалт:

/58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан”/ гэж тусгасан.

Татварын хуулийн хүрээнд хөндөж буй том асуудал нь өр өвлүүлэх юм. Хуульд төлбөр, хураамжтай хүн нас барсан тохиолдолд “хуулийн этгээдээр төлүүлнэ’’ гэсэн ганцхан заалт байсныг “Хамаарал бүхий этгээд" гэж нэмж оруулсан. Өөрөөр хэлбэл татвар төлөөгүй юмуу дампуурсан аж ахуйн нэгжийн өр төлбөрийг эзэнтэй нь хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийнхэн нь төлнө гэж оруулж ирсэн. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн татвар төлөгчийн татварын өрийг түүний гэр бүлийн гишүүд, байгууллагынх нь ажилтнууд хувааж үүрэх "хомроголон яллаж, татвар үүрүүлэх"-ээр зүйлчилжээ. Энэ нь үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаа хэрэг. Мөн Монголд цаашид гэр бүлийн бизнес оршин тогтнох нөхцөлгүй болно гэсэн үг юм. Ингэхдээ “Хөрөнгийг нь шилжүүлж авсан” бол гэдэг үгээр халхавч хийж буй аж.

3.Татварын алба татвар төлөгчөөс үндэслэлгүй хураасан татварт тооцох алдангийн хэмжээгээр хохироох заалт:

/75.1.1 татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар:

75.1.2 татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүүгийн дундаж байхаар/

Татвар төлөгч хугацаандаа татвараа төлөөгүй бол түүний алдангийг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар тооцож татвар төлөгчөөс авна. Гэвч татварын алба татвар төлөгчөөс үндэслэлгүй татвар татах, буруу тооцоолж авсан бол түүнийгээ буцааж өгөхдөө Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүүгийн дундаж байхаар хохироох байдлаар тусгажээ. Өөрөөр хэлбэл алданги нэрээр 20 хувийг илүү бодож татвар төлөлчийн халаас тэмтэрсэн хэрнээ, андуурал гарч буцааж өгөхдөө ямар нэгэн хувь нэмэгдэлгүй дундажлан бодож хохироох аж.

4.Үндэстэн дамнасан корпарациуд, том компаниуд татвараас зайлсхийх заалт:

Үндэстэн дамнасан корпарациуд, том компаниуд татвараас зайлсхийх зорилгоор төрөл бүрийн арга зам эрэлхийлдэг. Жишээ нь Монголд хөрөнгө оруулахдаа оффшор бүсэд цаасан дээрх компани байгуулж, түүгээрээ дамжуулан үйл ажиллагааг явуулж байгаа тохиолдол бий. Энэ нь манай улсын татварын суурь, орлогыг багасгаж байна.

“Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрт хамаарах албан татварын тайланг тус тус гаргаж, албан татварын тооцоо хийнэ” гэж заан уул уурхайн компаниудад тайлан бүрээр зардал давхардуулах боломж олгон татварын бүртгэлийг энгийн хялбар болгох, тайлангийн хугацааг цөөлөх хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалыг гажуудуулан улмаар уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр буурахад хүргэх хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заажээ.

Мөн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа одоогийн хуулийг дордуулан өөрчилж лиценз борлуулсны орлогоос өртөг зардал хасч үлдэгдэл дүнгээс нь 10 хувийн татвар ногдуулах байдлаар уул уурхайн салбараас нэмүү өртөг үүсгэхгүйгээр хууль бус ашиг олох явдлыг дэмжсэн хуулийн төслийн 20 дугаар зүйлд тусчээ.


-АЖ АХУЙ НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАГДСАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТУУД-

1.Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олох хүүгийн орлого, ногдол ашигт оногдуулж буй татварыг 5 хувиар бууруулах заалт:

/20.2.6 энэ хуулийн 20.2.1, 20.2.4-т заасныг үл хамааран Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлого болон хувьцааны ногдол ашгийн орлогод 5 хувиар/

Гадаадын компаниудын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олох хүүгийн орлого, ногдол ашигт одоогийн хуулиар ногдуулж байгаа татвар 10-20 хувь байсан. Үүнийг дахин бууруулж, 5 ба 10 хувь болгохоор өөрчлөн, одоогийн нөхцөлийг дордуулсан хуулийн төслийн 20.2.6 заалт оруулж иржээ.

2.“Өндөр хүүтэй зээл” хэлбэрээр санхүүжилт, “шууд бус хөрөнгө оруулалт” хийж Монгол Улсын эдийн засаг дахь өрийн дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэх заалт:

/9.4 энэ хуулийн 9.4.1-т заасан хүүгийн орлогод барьцаагаар баталгаажуулсан эсэх, зээлдэгчийн хөрөнгөнл оролцох эрхтэй эсэхийг үл харгалзан бүх төрлийн өр, зээл, өглөг, харилцах болон хадгаламжийн данс, баталгаа, батлан даалт, зээл, зээллэг, бонд, өрийн хэрэгсэл болон тэдгээрийн урамшуулал зэрэгтэй шууд холбогдуулан зээлдэгчээс олгосон орлого, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүүгийн орлого гэж үзэх бусад орлого хамаарна/

Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад “шууд хөрөнгө оруулалт” хийхийн оронд “өндөр хүүтэй зээл” хэлбэрээр санхүүжилт хийн, “шууд бус хөрөнгө оруулалт” хийж Монгол Улсын эдийн засаг дахь өрийн дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэх хуулийн заалтыг оруулж ирсэн байна. Мөн дотоодын татварын бааз суурийг гажуудуулан татварын өмнөх ашгийг гадагш шилжүүлэх үйл ажиллагааг дэмжин, гадаадын компаниудын Монгол Улсаас хүлээн авах нийт 11 төрлийн орлогыг “хүүгийн орлого” гэж адилтган үзэж 5 хувийн татвартай болгохоор хуулийн төсөлд шинээр тусгасан 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг шинэчилсэн найруулгын төслөөс авч хаях, хасах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаад буй юм.

3.Хөрөнгө оруулагч гадны компаниудад татвараас зайлсхийх шинэ нөхцөл бүрдүүлэх хуулийн заалт:

/ААНОАТ-ын 5 дугаар зүйлийн 5.4-т энэ зүйлд заасан “удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын хуулийн этгээд” нь доор дурдсан шалгуураас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна. Үүнд 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4, 5.4.5 заалтууд багтжээ/

Одоогийн мөрдөж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Монгол Улсын бусад улстай байгуулсан давхар татварын гэрээнүүдэд заасан төлөөний газрын тодорхойлох нөхцөлүүдийг дордуулсан. Улмаар хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “доор дурдсан шалгууруудаас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна” гэх заалт олон улсын ЭЗХАХБ болон НҮБ-ын Татварын загвар гэрээний тайлбарт заасныг үндэслэн “Энэ зүйлд заасан “Монгол Улсын хуулийн этгээдийг удирддаг гадаадын хуулийн этгээд гэж Монгол улсад байрладаг хуулийн этгээдийн “голлох удирдлага менежментийн багийг сонгох” эрх бүхий этгээдийг хэлнэ” хэмээн уг заажээ .

Давхар татварын гэрээнүүдэд “хуулийн этгээдийг удирдаж байгаа этгээд”-ийн нэр томьёололд “доорх 3 ба түүнээс дээш шалгуурыг хангах” гэсэн шалгуур нөхцөлийг заадаггүй. Иймд олон улсын татварын эрх зүйн баримт бичгүүдэд заасан хэм хэмжээнээс давсан зохицуулалтаар хөрөнгө оруулагч гадны компаниудад татвараас зайлсхийх шинэ нөхцөл бүрдүүлэх хуулийн төслийг 5.4 дэх хэсэгт оржээ.