2024-04-19
АНУ доллар 3,376.43₮
Ангилал:

“Game of thrones”-ын найруулагч ирэх тавдугаар сард Монголд ирнэ

2019-03-28 14:17:43

“Холливуд Монголд” Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.  Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй төслийн багийнхан өнөөдөр /2019.03.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Төслийн удирдагч А.Баярцэцэг “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестиваль Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү фестивалийн онцлог нь шилдэг кино шалгаруулж шагнал гардуулахгүй. Харин дэлхийн хэмжээний Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчдийг эх орондоо уриад тэдний туршлагаас суралцах, хамтран ажиллаж ирээдүйд Монголын нутаг дэвсгэрт Холливудын хэмжээний уран бүтээлийн зураг авалт явагдах хүртэлх алсыг харж байгаа" гэв. 

Төслийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяр “Энэхүү арга хэмжээнд дэлхийд Монгол улсыг сурталчлах маш том ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тиймээс маш өндөр түвшинд зохион байгуулахаар 60 гаруй залуус бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн ивээлдээ энэхүү арга хэмжээг авсан гэдгийг дуулгахад таатай байна. Энэхүү арга хэмжээг цаашид хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа.  Зочид долоо хоногийн турш Монголд зочилно. Тиймээс монголын кино урлагт олдож байгаа томоохон боломж. төдийгүй Монголын кино урлагийг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ үр өгөөжөө өгнө гэж харж байгаа” гэлээ.
 

Монголд нийт 16 уран бүтээлч ирэх аж. Одоогоор манай оронд зочлохоо 13 уран бүтээлч хүрэлцэн ирэхээ баталгаажуулсан байна. 

 

1. Ивана Чаббак: Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч. Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. 

 

2. Кийс Ван Оострум: Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч

 

3. Тим Коддингтон: Продюcер. "Мулан", "Галзуу баян азиуд", "Нарниа" зэрэг олон киноны продюсер хийж байсан.

 

4. Дэвид Петрарка: Найруулагч. "Хаадын тоглоом", "Дайчин", "Марко Поло" зэрэг киноны найруулагчаар ажилласан.

 

5. Rudy Youngblood: Жүжигчин. "Апокалипто", "Салхинд туугдагсад", "Хоосрол" зэрэг  кинонд тоглосон.

 

6. Йохим Зел: Оскарын шагналт, өнгө хувиргагч. "Сэлмэн дээр гүйгч 2049", "Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд", "Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй" зэрэг кинонд ажилласан.

 

7. Попинг Аувеун: Кастинг директор. Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

 

8. Карло Антонио Жентил: Кино шүүмжлэгч. Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч

 

9. Ваня Сернжүл: Зураглаач. "Галзуу баян азиуд", "Марко Поло", "Улбар шар бол шинэ Хар" гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан.

 

10. Витаяа Пансрингарм: Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин. "Зөвхөн бурхан л өршөөдөг", "Сүүлчийн гүйцэтгэгч" зэрэг киноны жүжигчин.

 

11. Лойд Кауфман: Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))

 

12. Патришиа Свинни Кауфман: Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхэт төлөөлөгч (New York State Film Commissioner).

 

13. Цеце Дестефано: Эммигийн шагналт кино зураач. Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

 

Энэхүү арга хэмжээгээр дэлхий Монголоос хол биш гэдгийг харуулахын тулд залуус нэгдэж зохион байгуулж буй юм байна. Иймд төслийг дэмжин, хамтарч ажиллахыг байгууллага, аж ахуй нэгж, компаниудад уриалж байна.