2024-05-10
АНУ доллар 3,381.49₮
Ангилал: Нийгэм

“Ногоон паспорт эзэмшигч багш, сурагчдын уулзалт” 4-р сарын 6-нд эхэлнэ

2019-04-05 12:55:23

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар  “Хандлагаа өөрчилье”  уриан дор 2018 онд “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар эхлүүлсэн.

 “Ногоон паспорт” аян улс орон даяар хэрэгжиж эхэлснээр өсвөр үе, хүүхэд багачууд эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагад суралцаж, амьдарч буй орчин нөхцөлд эх дэлхийгээ хайрлах, эко байх талаар таниулан сурталчилж бодит үр дүн нь хэмжигдэхүйц гарч байгаа юм. Төсөл хэрэгжсэн 2018 оны гуравдугаар сараас хойш өнөөгийн байдлаар нийслэл, төв, хангай, зүүн, баруун бүсийн 778 сургуулийн 167 мянга 690 сурагч  нэгдэж байгаль орчноо хэрхэн хамгаалах, эко хүүхэд байх аргад суралцаж үе тэнгийнхэндээ таниулж өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагч нэгэн үе бэлтгэгдэж эхэлжээ. Орон даяар хэрэгжиж буй аян 2018 оны шилдэг “Ногоон паспорт” эзэмшигч багш сурагчдаа тодруулсан бөгөөд тэд нэгдсэн уулзалтаа энэ сарын 6-наас 11-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.


“Ногоон паспорт эзэмшигч багш, сурагчдын уулзалт” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил шилэг багш, сурагчид болон ЕБС-иин сурагчдын дунд зохион байгуулагдсан “Гялгар уутнаас татгалзъя” уралдаанд түрүүлсэн Эрдэнэтийн сурагчид  оролцож байгаагаараа онцлог юм.  Тус уулзалтад Улаанбаатар хотын “Ногоон паспорт” эзэмшигч ахлах ангийн шилдэг 120 сурагч, Ерөнхий боловсролын сургуулийн эко-клуб удирдсан 10 багш, аймаг тус бүрээс ЕБС-ийн ахлах ангийн 147 сурагч, удирдагч 21 багш 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын болон боловсролын газрын мэргэжилтнүүд оролцоно.
ЕБС-ийн сурагчдын амралтаар зохион байгуулагдаж буй багш, сурагчдын нэгдсэн уулзалтын үеэр 267 сурагч байгаль орчны талаар мэдлэг, мэдээлэл солилцож “Ногоон паспорт” хэрхэн хөтөлж байгаа болон бусдад үлгэр дууриал өгч буй туршлагаасаа  үеэ тэнгийнхэндээ хуваалцан харилцан мэдээлэл солилцох юм.


Мөн ЕБС-ийн  31 багш, байгаль орчин болон боловсролын газрын  42 мэргэжилтэн энэ чиглэлийн ойлголтоо нэмэгдүүлэн таван чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ Ингэснээр нийт багш, сурагчдаар дамжуулан тухайн сургууль, бүс нутгийн 50,000 сурагч, албан хаагчдад байгаль орчны талаарх зөв мэдээ, мэдээлэл хүргүүлж, эко- клубийн үйл ажиллагаа илүү идэвхэжнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна

2018 оны “Ногоон паспорт” эзэмшигч шилдэг багш сурагчид Олон улсын хүүхдийн найрамдал зусланд  тав хоног амрах эрхээр өнгөрсөн 12 дугаар сард  шагнуулсан бөгөөд тэд амралтынхаа үеэр нэгдсэн уулзалтаа зохион байгуулах гэж байна..