2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг заллаа

2019-04-05 14:38:24

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд  Бурхан багшийн рэнсрэл залах ёслол боллоо. Энэхүү рэнсрэлийг Энэтхэг улсын Дарамсала хотоос залж ирсэн бөгөөд Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдэд босгох 18 метр өндөр Майдар бурхны шүншигт зориулан Бодь суварга, Жадонба судрын хамт Жадо Рэнбүүчи өргөн барьжээ.
 
Рэнсрэлийг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарыг хүртэл Гандантэгчинлэн хийдэд залах тул сүсэгтэн олон мөргөн, залбирах боломжтой юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс рэнсрэл гэдэг нь сайхан сэтгэлийн үр хэмээн тайлбарлав.  Энэхүү шүтээнийг харсан хүмүүсийн сэтгэл ариусдаг бөгөөд арвин сүжиг, сайныг бүтээх их хүч төрнө хэмээн үздэг аж.
 
Түүнчлэн бурхад, гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсрыг хөгжүүлсний эцэст гэгээрлийн хутгийг олж, лагшингийн эрдмийг олдгийн биелэл нь рэнсрэл ба энэ нь лагшин шүтээнээс өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй эрдэнийн шүтээн юм байна. Өнөөдөр залж буй энэхүү рэнсрэл хэмээх шүтээн нь Бирм улсад 1,000 орчим жилийн тэртээд эртний суварга дотор оршиж байсан түүхтэй бөгөөд уг рэнсрэлийг Синха Намдол Рэнбүүчигээс Жадо Рэнбүүчид өргөн барьж байжээ.