2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

ХЭРЭГЛЭХГҮЙ эд зүйлсээ заруулдаг дэлгүүр МОНГОЛД нээгджээ

2019-04-17 11:54:05

ХОЁР САР БАРАА НЬ ЗАРАГДААГҮЙ ТОХИОЛДОЛД ДЭЛГҮҮРТ БАЙРШУУЛСНЫ ШИМТГЭЛ ГЭЖ АВАХГҮЙ ЭЗЭНД НЬ БУЦААН ӨГНӨ

Айл бүрт хог дээр гаргаад хаях гэхээр хайран санагдаад, гэртээ байлгая гэхээр зай талбай эзлээд ашиглахаа байсан цахилгаан бараа, тавилга гээд янз бүрийн л эд зүйлс байдаг. Фэйсбүүкээр зарна гэхээр зургийг нь дарж зарын группүүдэд байрлуулна, хүмүүсийн асуусан асуултад хариулт бичнэ, утсаар мэдээлэл өгөхөөс авахуулаад маш их цаг зав зарцуулж байж хэрэглэхгүй эд зүйлсээ хэдэн төгрөг болгодог. Мөн бүсгүйчүүд бидэнд сэтгэлийн хөөрлөөр худалдаад авчихсан, дараа нь таалагдаггүй эсвэл бэлгэнд ирсэн ч таалагдаагүй хувцас, гутлаа хаа нэгтээ уутанд хийгээд мөнхөртөл нь хадгалах нь элбэг. Яг л ийм хүмүүст зориулсан дэлгүүр МОНГОЛД анх удаагаа нээгдэх гэж байна.
 

"Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нь Монгол бөхийн өргөөний зүүн хойд зүгт, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн баруун талд байрладаг хоёр давхар шар тоосгон обьект бий. Бид тус дэлгүүрт өдрийн 15:30 минутын үед очиход нэлээн олон хүн өмсдөггүй шинэ хувцас, хайрцагтай хүүхдийн тоглоом, цахилгаан бараа, сувенир зэргийг торонд хийгээд барьчихсан багахан хэмжээний дараалал үүсгэсэн байв.

Ийм дэлгүүр нээгдэж буйг сонсоод хэрэглэхгүй эд зүйлсээ чирээд ирлээ гэсэн бүсгүй олон байв. Тэдний заримынх нь сэтгэгдлийг сонсоход "Гадаад аялал, ажлаар явж байхад ийм дэлгүүр маш олон харагддаг. Тэр тусмаа Солонгос улсад их байдаг. Хүн өөрт хэрэггүй, ахуй амьдралдаа хэрэглэдэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь боломжийн үнээр зарахад буруу нь юу байхав. Нэг ёсны буян юм уу даа. Шинэ хувцас, цахилгаан бараа, тавилга гэх мэт зүйлсээ хэн нэгэнд шууд "Май" гээд өгдөг хүн ховор шүү дээ. Аль болох зарж борлуулаад хэдэн хүүхдэдээ эсвэл гэртээ хэрэгтэй юмаа авахыг боддог. Эднийх хүүхдийн тоглоом, хувцас зэргийг хаяг шошготой, хайрцаг савтайг нь хүлээн авч байгаа нь таалагдлаа. Хүмүүс хуучин хувцасны дэлгүүр гэж ойлгоод байгаа бололтой. Ийм дэлгүүр нь тусдаа нээгдэх юм байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Харин тус дэлгүүрийг сонирхон ирж буй залуучууд "Оффис ширээ сандал байна уу, Үйлдвэрийн тоног төхөөрөмж зардаг, саяхан гэрийнхээ тавилгыг сольсон танайд яаж хүргэж ирэх вэ. Унадаг дугуй байгаа юу" гэх мэтээр асуух аж.

-ХЭРЭГЛЭХГҮЙ ЗҮЙЛЭЭ ЗАРУУЛАХ ДЭЛГҮҮРТ ЗАРАГДАЖ БУЙ ХУВЦАС БҮГД ШИНЭ-

Ингээд бид "Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нээх санааг анх гаргасан Г.Бат-Учралаас мэдээлэл авлаа.

Тэрбээр ярихдаа "Манайх дэлгүүрийнхээ мэдээллийг фэйсбүүкээр тарааж байгаа. Хүмүүс тэндээс мэдээлэл аваад манай дэлгүүрийг их зорьж ирж байна. "Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нь хүмүүсийн илүүдэл шинэ, хуучин цахилгаан бараа, тавилга, гэр ахуйн бараа, эд хогшил, электрон бараа, тоног төхөөрөмж, болон бусад төрөл бүрийн барааг зарж өгдөг цэг болох зорилготой. Анх танилцуулга хийхдээ шинэ, хуучин хувцас заруулж болно гэсэн байсан. Гэтэл хүмүүст заруулахыг хүссэн маш их хуучин хувцас байдаг юм байна. Тиймээс хуучин хувцас зардаг "Монгол комисс" барааны дэлгүүр тусдаа өөр газар нээгдэхээр болсон. Яагаад ийм дэлгүүр тусд нь нээхээр болсон бэ гэхээр хуучин хувцсаа заруулах гэсэн хүмүүс маш их, бүр их байсан. Бид гол бараануудаа авах цаг гаргаж чадахааргүй нөхцөл байдал үүссэн. Энэ дэлгүүрт тансаг, чанартай хирнээ хямд, ховор нандин хирнээ хямд, үнэтэй брендүүд хирнээ бас л хямд шинэ хувцасыг зарах юм.

Өөрөөр хэлбэл Бөхийн өргөөний энэ салбар дээр хуучин хувцас хүмүүсээс авахгүй, зарахгүй гэсэн үг. Хүмүүс ямар хувцас заруулж болох вэ гэвэл аваад өмсөөгүй шинэ, эсвэл бэлгэнд авч байсан шошготой хувцаснуудыг авсан үнээсээ хямд заруулж болно, Мөн шошгогүй шинэ хувцсаа заруулж болно. Харин цахилгаан бараа, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тавилга, ном гэх мэт зүйлсийг өмнө нь хэрэглэсэн байж болно гэдгийг дахин хэлье. Манай дэлгүүрт байршуулж борлуулагдсан эд зүйлсээс шимтгэл болгон 15 хувийг авах болно. Мэдээж бид эд зүйлээ өгч буй хүмүүстэй тохиролцохдоо доод үнийг тогтоно. Тогтсон үнийн дүнгээс бага дүнгээр өөр газар шинэ бүтээгдэхүүн нь зарагдаж байгаа тохиолдолд бид бүтээгдэхүүнийг 50 хувь хямдруулж өгнө гэдгийг сануулах болно. Ерөнхийдөө энэ зарчим нь хэт худал үнийн дүнгийн хөөргөдөл үүсэх магадлалыг бууруулж, хамгийн хямд гэдэг утгаа барьж байгаа" гэж байв.
 

"Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нь бараагаа хүлээн авч хоёр сарын хугацаанд дэлгүүртээ байршуулан борлуулах ба эд зүйл зарагдсанаас гурав хоногийн дараа мөнгийг эзэмшигчид шилжүүлэх аж. Эхний сар дууссаны дараа бид эд зүйлийн эзнээс "Бараагаа хямдруулах уу" хэмээн асууж тохиролцож чадвал дахин нэг сар дэлгүүртээ байршуулах юм байна. Зарж чадаагүй тохиолдол дэлгүүртээ байршуулсны хөлс гэж нэг ч төгрөг авахгүй гэдгийг хэлж байв. Тус дэлгүүр зарагдаж буй барааны үнийг сонирхуулахад

-8 кг-ийн даацтай бүрэн автомат угаалгын машин 100.000 төгрөг

-Хүүхдийн түрдэг тэрэг 50.000-60.000 төгрөг

-Хүүхдийн машины суудал /шинэ/ зах зээлийн үнэ 25000 төгрөг ч хамгийн хямдаар 12500 төгрөг

-Тоос сорогч 50.000-60.000 төгрөг гэх мэт ханштай байна.