2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

Г.ӨНӨРБАЯР: ОДОНТОЙ ЭХЧҮҮДИЙН МӨНГИЙГ ХАСАХГҮЙ. ХАРИН НЭМНЭ

2019-04-17 15:10:36

Одонтой ээжүүдэд олгох мөнгөний талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийв. Тэрээр, одонтой ээжүүдэд олгож буй мөнгөнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэхдээ мөнгийг нь багасгах биш, хүүхдийнх нь тооноос хамаарч нэмэх шаардлагатай” гэдгийг энэ үеэр хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, зургаан хүүхэдтэй ээж ч тэр, 10 хүүхэдтэй ээж ч тэр ижилхэн 200 мянган төгрөг авдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн тооноос нь хамаараад олгох мөнгөн дүн нь ялгаатай байвал ямар вэ гэдэг санал гаргаж байгаа аж. Жишээлбэл, зургаан хүүхэдтэй ээж 200 мянган төгрөг авах бол, долоон хүүхэдтэй ээжид 230 мянган төгрөг олгох гэх мэт.

Ийнхүү өөрчлөлт оруулах шаардлагыг хүн амын өсөлт, насны ангилалтай холбон тайлбарлалаа. Одоогоор манай улсын хүн амын өсөлт 2.1 хувьтай байгаа бол ахмад настны өсөлт 6.3 хувьтай байгаа. Сүүлийн 10 жилийн өсөлтийг харахад хүн амынх 16 орчим хувьтай байхад, ахмад настны өсөлт 21.9 хувьтай байгаа нь зайлшгүй хүн амын өсөлтдөө анхаарах шаардлагатайг сануулжээ.

Түүнчлэн ойрын 10 жил төрөлтийн хамгийн идэвхтэй хугацааг байх гэнэ. Тийм учраас төрөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхээр салбар яамнаас ажиллаж байгаа аж. Үүний нэг нь одонтой ээжүүдийн мөнгийг шатлалтайгаар нэмэх юм байна. Энэ талаар тэрээр үргэлжлүүлэн “Шатлалтай гэдгийг бас буруу ойлгов. Одоо байгаа 218 мянган эх хэвээрээ байна. Тэдэнд олгож байгаа мөнгө нь ч буурахгүй.

 

Харин хүүхдийнх нь тоогоор үечлэн нэмбэл яах вэ гэж ярьж байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын түвшинд танилцуулаагүй байна. 1990 оноос өмнө яг ийм шатлалтай мөнгө олгодог байсан. Өөрөөр хэлбэл, гурван хүүхэдтэй ээж дөрөв, тав дахь хүүхдээ төрүүлбэл төрүүлсэн хүүхэд бүрт нь мөнгө олгодог байсан. Бид тэр тогтолцоог хамгийн зөв тогтолцоо гэж үзээд нэмэх саналтай байгаа” гэлээ.

Өдгөөгөөс арван жилийн өмнө буюу 2008 оны байдлаар 70 орчим мянган эх төрсөн бол 2018 онд 78 мянган эх төржээ. Ингэхээр ойрын 10 жилд хүн амын төрөлт нэг шугамд үргэлжилсэн байна. Дэлхийн бусад улсад хүн амаа өсгөхийн тулд олон хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлдөг. Энэ тогтолцоог нэвтрүүлэхээр мөн яамнаас судалж байгаа гэнэ. Түүнчлэн олон хүүхэдтэй ээжүүдийг орон сууцанд оруулахаар судалж байгаа юм байна.

Нэмж мэдээлэхэд, манай улс одонтой ээжүүдийн тэтгэмжид 2006 онд 4.9 тэрбум төгрөг зарцуулсан бол өнгөрсөн онд 30 орчим тэрбум төгрөг зарцуулсан. 2006 онд “Эхийн алдар” I, II одонтой эхчүүдийн тоо 69696 байжээ. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс “Эхийн алдар” I одонтой 66768, II одонтой 147339 эх байна.