2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

Б.Сүхбаатар: Орлогод нийцсэн орон сууцны 1мкв нь 1 сая 350 мянган төгрөг байна

2019-04-18 10:49:52

Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслол  болсон. Иргэдийн орлогод нийцсэн хөнгөлттэй орон сууцаар хангахаар ажлаа эхэлсэн Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал  Б.Сүхбаатараас уг төслийн талаар тодруулсан юм.

-Яагаад чухам Орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлэхээр болсон бэ?
-Төрөөс өмнө орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхдээ зээл авч орон сууц барин түүнийгээ борлуулах гээд асуудал тулгардаг байсан. Тэгвэл одоо бол төрөөс газар, дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөн барилгын компаниуд өөрсдөө 100 хувь барилгын ажлаа хийж гүйцэтгэн борлуулах юм.
Нийслэлийн Орон сууцны корпараци ойрын 3-4 жилийн хугацаанд 15-17 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ

-768 айлын 30 хувь нь орлогод нийцсэн буюу метр квадрат нь 1.350.000 төгрөг байна гэсэн. Үүнийг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
- Тус хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 8 байршилд орон сууцны хотхон хорооллыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр төслүүдийн нэг нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх  768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төсөл юм. Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны  барилга баригдана.
Энэхүү нийт 768 айлын орон сууцны төслийн 8 хувь нь түрээсийн орон сууц санд төвлөрөх бол 30 хувь нь орлогод нийцсэн орон сууцны зарчмаар буюу 1 м2 1.350.000 төгрөгийн өртгөөр, үлдсэн орон сууц нь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани зах зээлийн үнээр худалдан борлуулах юм. Түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууцны талаар Барилга хот байгуулалтын яамнаас журам боловсруулсан. Уг журамтай танилцан илүү дэлгэрэнгүй мэдэж авах боломжтой.  Нэгд, байрны урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хийгээд тухайн байрыг өмчилж болно. Хоёрт, таван жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд тухайн орон сууцыг өмчилж авч болох юм. Иргэдийн хувьд түрээсийн орон сууц болохоор хямд өртөгтэй, чанар муутай орон сууц гэж ойлгож болохгүй. Учир нь барилгын компани нийт айл өрхийн 60 гаруй хувийг зах зээлийн үнээр борлуулах тул чанар, стандартад нийцсэн орон сууцыг ашиглалтад оруулна гэж ойлгож болно.
Энэхүү нийт 768 айлын орон сууцны төслийн 8 хувь нь түрээсийн орон сууц санд төвлөрөх бол 30 хувь нь орлогод нийцсэн орон сууцны зарчмаар буюу 1 м2 1.350.000 төгрөгийн өртгөөр, үлдсэн орон сууц нь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани зах зээлийн үнээр худалдан борлуулах юм.

-Нэг талаар барилгын компаниудын толгой өвчин болох газар, дэд бүтцийг нийслэлээс шийдэж өгсний төлөө нийслэлийн зүгээс ард иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлж байна гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Хотын зүгээс газар чөлөөлж, халаалт, цэвэр, бохирыг нь тавьж өгөөд үлдсэн дэд бүтцийг барилгын компаниуд өөрсдөө хийхээр гэрээндээ тусгаж өгсөн. Ингэснээр төрд ямар нэгэн алдалгүй бөгөөд ард иргэдээ түрээсийн болон орлогод нь нийцсэн орон сууцанд хамруулах боломж бүрдэж байгаа юм.


-Орлогод нийцсэн орон сууц төслийг найман газарт хэрэгжүүлнэ гэсэн. Хаана, хаана хэрэгжүүлэх вэ?
- Эхний ээлжийн 768 айлын орон сууцны барилгын ажлыг 2020 он гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Одоогоор Ханийн материал орчимд 1200 айлын орон сууцны ажлыг эхлүүлж байна. Мөн Баянголын аманд 2000 айлын орон сууц, Баянхошуун, Сэлбэ орчимд уг төслийн сонгон шалгаруулалт зарлах гэж байна. Нийслэлийн Орон сууцны корпараци ойрын 3-4 жилийн хугацаанд 15-17 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ.

-Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил, энэ төсөлтэй уялдаж байгаа юу?
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх төсөл хамгийн сайн явж байгаа ажлуудын нэг. Харин зарим байршлуудад 10 удаа сонгон шалгаруулалт зарлаад компаниуд орж ирэхгүй байгаа. Үүн дээр төр бодлого гаргаж эдгээр сонгон шалгаруулалт орохгүй байгаа орон сууцнуудын айл өрхүүдийг түр хугацаанд түр сууршлийн байранд оруулах, орон сууцыг нь солиод  тэр газар дээр нь орон сууц барих гээд төсөл боловсруулан нийслэл болон Засгийн газарт өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.