2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Хөндөх сэдэв

18 мянган ээжийн тэтгэврийг дундаж хэмжээнд хүргэнэ

2019-04-19 09:27:55

Зах зээлийн нийгэмд шилжих үед дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдийг нөхөн олговор өгөх замаар “тэтгэвэрт” гаргасан. Тэр үед 40 нас ч хүрээгүй залуугаараа ээжүүд “ахмадын” эгнээнд шилжиж тэтгэвэр авч эхэлсэн. Ажил хийе гэвч олдохгүй, төрийн өмчүүдийг хувьчилсан он жилүүд үргэлжилж байв.

Тухайн үеийн нийгмийн нөлөөгөөр нөхөн олговор тогтоолгосон эхчүүдийн дийлэнх нь өнөө хэр бага тэтгэвэртэй. Бүр тэтгэврийн доод хэмжээнд ч хүрдэггүй байна. Үүнийг үе үеийн парламент хөнддөг ч төсөвт ачаалал ирнэ гээд хуульд өөрчлөлт оруулдаггүй. Өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гишүүд уг хуулийг санаачилж, парламентаар хэлэлцүүлсэн ч дээрх шалтгаанаар унаж байв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр, улсын дундаж тэтгэврийг 342 мянган төгрөг гэж тооцож байх үед гаргасан судалгаагаар 18.6 мянган ээжийг тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдах тухай хэлж байна
Тэгвэл энэ удаагийн УИХ ч уг хуулийг санаачилжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд  “...35-45 насандаа тэтгэвэрт гарсан тул хөдөлмөр хийж олох байсан илүү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг тал их байжээ. Судалгаанаас үзэхэд 1991 онд 288.5 мянган хүн тэтгэвэр авч байсан бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 45,9 хувь нь буюу 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байжээ” гэжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны эхний хагаст гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/ авдаг. Харин 7,6 мянга нь 280,0-300 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Энэ нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага “цалин” авч байгаа үзүүлэлт аж. Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэхээ хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд нэг хүнд дунджаар 50-70 мянган төгрөг нэмэхээр байгаа аж.

Гэвч Засгийн газар дээрх хуулийн төслийг хэлэлцээд хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо судалгааг хийх шаардлагатай гэж үзсэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ. Учир нь, Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний ачаалал ирэх аж.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр, улсын дундаж тэтгэврийг 342 мянган төгрөг гэж тооцож байх үед гаргасан судалгаагаар 18.6 мянган ээжийн тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдах тухай хэлж байна. Нэг талаараа энэ үрэлгэн санаачилга. Нөгөө талдаа эхчүүдээ дэмжих бодлого. Гэхдээ насаараа хөдөлмөрлөчихөөд тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон ахмадууд олон бий. Тэтгэвэр нэмэгдсэн ч тэд хамгийн бага тэтгэвэр авдаг хэвээр. Гэртээ суугаад нөхөн олговор авч байсан хүмүүс насаараа хөдөлмөрлөөд гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаас илүү тэтгэвэртэй болох нь нэг талаараа учир дутагдалтай. Нөгөө талдаа жил бүр төсөвт 16 орчим тэрбум төгрөгийн ачаалал нэмэгдэхээр байгаа нь эдийн засаг бүрэн сэргэж амжаагүй энэ үед үрэлгэн санаачилга юм.