2024-04-29
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Нийгэм

С.Чинзориг: Япон улс барилга, усан тээвэр, асаргааны чиглэлээр ажиллах хүч авах сонирхолтой байна

2019-04-26 18:39:32

Япон улсад дадлагжигч илгээх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

С.Чинзориг "Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах санамж бичигт гарын үсэг зураад ирсэн. Энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
 
Нэг ялгаа нь гэвэл манай яамнаас дадлагжигч илгээх зөвшөөрөл авсан 67 байгууллага ажиллаж байгаа. 1154 монгол залуус тэдгээр компаниар дамжуулан Япон улсад ажиллаж, амьдарч байна. Гэхдээ ажиллах хүч, хөдөлмөрийн гэрээгээр гаргах ажлыг дээрх 67 байгууллага зохион байгуулахгүй. ХНХЯ-ны харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар зохион байгуулна.
Хоёрдугаарт квот буюу ажиллах хүч авах тооны хязгаар тогтоохгүй. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны чиглэлээр ажиллах хүч авна гэдгээ Японы тал мэдэгдсэн. Насны дээд хязгаар заахгүй. 18-аас дээш насны хүмүүс болно. Тодорхой хэмжээнд бүртгэгдсэн залуусаас хэлний түвшин, эрүүл мэндийн шаардлага хангасан залуусаас Японы тал өөрсдөө сонгоно. Ур чадвар, мэргэжлээс нь хамаарч сонгоно гэсэн үг.

Японы талаас сая шийдсэн нэг асуудал бол Япон улсад дадлагжигчаар 3 жил ажиллаж байгаа залуус хугацаа нь дууссаны дараа өөрсдөө хүсвэл Хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллах боломж нээгдэж байгаа. Дадлагжигчаар ажиллаж байгаа залуус гэрээний хугацаагаа сунгуулахыг хүсвэл заавал Монголд ирэхгүйгээр Япондоо байхдаа сунгуулаад ажиллаж болно" гэлээ.

-Квот тогтоогоогүй гэдэг нь?
-14 салбарт ажиллах хүч  авна. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны чиглэлээр ажиллах хүч авна. Квот тогтоохгүй. Бүртгэгдсэн залуусаас өөрсдөө сонголтоо хийж авна. Гол шалгуур нь хэл болон эрүүл мэндийн шалгалт.

-Залуучууд болон эрэгтэй хүмүүс авах сонирхолтой байна. Хамаг залуучуудаа алдаад дууслаа гэх шүүмжлэл их гарч байна шүү дээ?

-Нийгэмд тийм шүүмжлэл бий. Нөхөн үржихүйн насны залуус их хэмжээгээр гадагшаа гарч ажиллаж байна. Засгийн газар залуусыг бөөнөөр нь гадаад улс руу явуулах бодлого байхгүй. Залуучуудаа Япон улсад тэндэхийн ажилчинтай адил нөхцлөөр ажиллаж амьдрах боломжийг нээж өгсөн. Ашиглах эсэх нь залуучуудын өөрсдийнх нь л сонголт шүү дээ. 

-Манай улс өөрсдөө гадаадаас ажиллах хүч авах тоо буурсан уу?

-Засгийн газрын бодлогод тусгаснаар бол гадаадаас ажиллах хүч авах асуудлыг 50 хувиар бууруулна гэж бий. Би Хөдөлмөрийн сайдаар томилогдсоноос хойш 2018 онд гадаадаас авах ажиллах хүчийг 30 хувиар, 2019 онд 20 хувиар бууруулна гэж тушаал гаргасан. 2017 оны түвшинтэй харьцуулахад гадаадаас ажилчин авах асуудал 22 хувиар буурсан. 2016 оны түвшинтэй харьцуулахад 40 хувиар буурсан байна лээ. 2019 онд 20 хувь буурна. Цаашдаа дотоодын зах зээл дээр бэлтгэж чадаж байгаа мэргэжилтэй боловсон хүчнийг гаднаас авахгүй байх бодлогыг баримталж байна.

-22 хувь буураад хэдэн хүн гаднаас орж ирж байгаа гэсэн үг вэ?

-2018 онд 9000 ажиллах хүчийг гадаадаас авсан бол энэ жил буураад 7000 орчим болох байх.