2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Хөндөх сэдэв

​Иргэд 2028 он хүртэл үнэгүй газар өмчлөх эрхтэй

2019-04-30 14:11:40

      Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас газрын нэгдмэл сантай холбоотой мэдээллийг танилцууллаа.  Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан иргэд олон нийтэд нээлттэй www.Egazar.gov.mn цахим хуудсыг үйл ажиллагаанд оруулсан юм байна. Энэхүү цахим хуудаснаас иргэд, бусад байгууллагууд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбаруудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна газрын үнэлгээний бүс, газрын төлбөр, татварын бүс, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, мэдээлэл авах боломжтой.

-Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга А.Батбаяр:MLE.mn  вэб хуудсаар газрыг цахимаар дуудлага худалдаанд оруулдаг болсон. Барилга хот байгуулалтын яам манай агентлагийн захиалгаар газрын кадастрын бүртгэлийн мэдээллийн санг нэвтрүүлээд байна. Мөн энэ мэдээллийн санг иргэдэд нээлттэй болгохоор шийдвэр гарсан. Тус сан нь тоон гарын үсгийг системдээ нэвтрүүлж байгаа. Иргэнийг газрын алба, иргэний бүртгэл хоёрын хооронд олон дахин явуулахгүйгээр цахимаар мэдээллээ солилцдог, бүртгэлийнхээ дугаарыг авч газрын бүртгэлээ бичдэг болж байна. Иргэн газрын албанд дээр ирнэ. Харин газрын алба цаашаа улсын бүртгэлийн ерөнхий газартай холбогдоно. Мөн хурууны хээ уншигчийг нэвтрүүлж байна. Хурууны хээг нь уншуулаад тухайн иргэний мэдээллийг улсын бүртгэлийн сангаас шууд татдаг. Өөрөөр хэлбэл газрын албаны мэргэжилтэн иргэнийхээ мэдээллийг гараар шивээд суухаа больж байна. Маш шуурхай ажиллах системд шилжиж байна. Монгол Улсын үндэсний газрын кадастрын бүртгэлийн системийг арван нэгдүгээр сар гэхэд бүрэн ажиллуулна. Иргэд 2028 он хүртэл үнэгүй газар өмчлөх эрхтэй.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун: Гэр хорооллын иргэдийн газар өмчлөлийн асуудлыг 89 хувьтай өмчилсөн. Өмчлөгдөөгүй газар дээрээ амьдарч байгаа иргэд 11 хувь үлдсэн.  Манай салбарын хувьд боловсон хүчин хүний нөөц харьцангуй бага. Жишээ нь хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг гэхэд 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийт 32 хороо гэвэл, нэг ажилтанд 6-7 хороо ногддог. Тиймээс бил  иргэдийн асуудлыг цахимаар хүлээн авч байна. Иргэд өргөдөл гомдлоо өгсөн тохиолдолд, бид тухайн асуудал нь ямар шатанд байгааг, шийдэгдэх эсэхийг мессежээр явуулж байна. Тиймээс иргэд ийш тийш гүйх шаардлагагүй болж байгаа юм.