2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Дэлхий

Ялалтын парадад дэлхийн улс орны удирдагчид уригдаагүй

2019-05-09 12:05:09

Хүн төрөлхтний түүхэнд XX зуунд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их Эх орны дайн билээ. Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ.


Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ. Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирсан энэхүү дайн төгсгөл болсноос хойш өдгөө 74 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амссан ОХУ өнөөдөр /2019.05.09/ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парадаа орон нутгийн цагаар өглөө 10.00 цагт зохион байгуулна.



Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадын сонирхол татах зүйл нь Батлан хамгаалах сайдын хөлөглөх автомашин гэж тодотгож байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ удаагийн цэргийн парадыг командлахдаа үндэсний үйлдвэрлэлийн Aurus лимузинг хөлөглөх ажээ. Харин шинэ зэвсэг техникээ үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Ялалтын баярын бэлтгэлийн үеэр харагдаж байсан шинэ зэвсэг, техник нь тавдугаар сарын 07-нд болсон нэгдсэн бэлтгэлийн үеэр огт харагдаагүй болохыг хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байв. Харин судлаачдын үзэж буйгаар, шинэ зэвсэг, техникийг тийм ч амархан үйлдвэрлээд олон нийтэд дэлгээд үзүүлээд байдаггүй. Үүнд маш их цаг хугацаа шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Жил бүрийн ялалтын баярт уригдсан дэлхийн улс орнуудын удирдагчид хэн байх, хэн уригдалгүй үлдэв гэдэг дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тэгвэл энэ жил Ялалтын баяраар гаднын улсын өндөр дээд албан тушаалтан, зочдыг албан ёсоор уриагүй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Тэрбээр “Ялалтын баярт олон улсын удирдагчдыг албан ёсоор урихгүй байх тохиолдол бол байдаг л зүйл. Өнгөрсөн жил ч гэсэн бид албан ёсоор, тусгайлан урьсан зочид, төлөөлөгчид байгаагүй. Гэсэн хэдий ч энэ баярыг тохиолдуулан айлчлалаа товлосон улс орны төрийн тэргүүн байх нь байдаг. Гаднын улсын удирдагчдыг Ялалтын баярын тэгш ойгоор албан ёсоор урьдаг. 2015 онд Ялалтын баярын 70 жилийн ой тохиосон. Энэ үед дэлхийн улс төрийн нөхцөл байдал хэцүүхэн байсан ч бусад улс орны төрийн тэргүүн нарыг албан ёсоор урьсан, тэд ч ирсэн. Иймээс ирэх жил Ялалтын баярын 75 жилийн ойгоор улс орнуудын төрийн тэргүүн нарыг урих төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Ялалтын баярыг тохиолдуулан "урилгагүй" зочид ирдэг тохиолдол бий. Тухайлбал, өнгөрсөн жил Ялалтын баярын үеэр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ОХУ-д айлчилж байсан удаатай. Мөн 2017 онд Молдавийн Ерөнхийлөгч Игорь Додон Ялалтын баяраар ОХУ-д айлчилсан. Тус улсын үе үеийн ерөнхийлөгчид 15 жил ОХУ-д айлчлаагүй тул ийнхүү Игорь Додон Ялалтын баярыг тохиолдуулан айлчлалаа товлосон ажээ.

Харин үүнээс өмнө 2015 онд Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Ялалтын баярын хүндэт зочноор уригдаж байв. Тухайн үед ОХУ-ын зүгээс 68 орны төр засгийн тэргүүн нарт албан ёсны урилга илгээсэн ч 30 улсын төрийн тэргүүн нар урилгыг нааштай хүлээн авсан билээ. Энэ үеэр Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц. Элбэгдорж мөн ОХУ-д уригдсан юм. Мөн энэ үеэр Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн дэлхийн 730 орчим цэрэг, дайчидтай хамт анх удаагаа Улаан талбайд жагссан юм.