2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Эдийн засаг

Банкнаас бусад санхүүгийн байгууллагыг дэмжих төрийн бодлого хэрэгтэй байна

2018-09-12 14:49:30

Банкнаас бусад санхүүгийн байгууллагыг дэмжих төрийн бодлого хэрэгтэй  байна
 
Энэ удаагийн ярилцлагын зочноороо Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, "Бид" ББСБ-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга А.Алтансүхийг урилаа.
 
-ББСБ-ын холбоо хичнээн гишүүн байгууллагатай вэ. Хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр хэрхэн нэгдэж ажилладаг юм бол?  
-Монголын ББСБ-ын  холбоонд одоогийн байдлаар нийт 230-аад ББСБ гишүүнээр элссэн байна. Эдгээр байгууллагуудын нийтлэг ашиг сонирхол, стратеги хөгжил, эрсдэлгүй байх асуудалд холбооны удирдлага гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тийм ч учраас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал нь манай холбооны зайлшгүй анхаарах, чухалчлан хэрэгжүүлэх ёстой асуудлын нэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн эрх ашиг гэдэг асуудал нь харилцагчаа хамгаалах, нийгмийн хариуцлагатай санхүүгийн үйлчилгээний асуудал байдаг. Харилцагчийн эрх ашгийг хамгаална гэдэг энэ салбарын цаашдын хөгжилтэй шууд холбоотой. ББСБ холбоо 2011 оноос харилцагчийн эрх ашгийг хамгаалах олон улсын Смарткомпайн хөдөлгөөнд нэгдэн орсон байдаг. Энэ хүрээнд гишүүн байгууллагуудадаа хандан харилцагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэж хамтран ажиллахаар уриалга гаргаад байна.
-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэг хэсэг ББСБ-ууд хөрөнгө оруулалт нь савлагаатай тогтворгүй байсан. Одоо энэ нөхцөл байдал ямар байна. Санхүүгийн байгууллага тогтвортой оршин тогтноход хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай бий юу?
-​
Банк бус санхүүгийн байгууллагууд цаашид хөгжихөд хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зайлшгүй чухал. ББСБ-ын хууль 2002 онд батлагдсанаас хойш нэг ч өөрчлөлт оролгүй, 16 жил болж байна. Хууль батлагдаж байх үеийн эдийн засгийн байдал өнөөгийн нөхцөл хоёр огт өөр болсон. Одоо ББСБ-ын санхүүгийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулах, улмаар цахим төлбөр тооцоог нэвтрүүлэх, компаниуд бонд босгох зэрэг асуудлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна. Ялангуяа банк бус байгууллагууд дотоодын эх үүсвэрээс хөрөнгө татах боломж бололцоог нээж өгөх хэрэгтэй байна. Салбарын хэмжээнд ББСБ-ын тоо, актив нь өсөөд байгаа боловч хөгжлийн хувьд тийм ч ахицтай биш байна. Энэ нь эрхзүйн зохицуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, төрөөс бизнесийн орчинг сайжруулах боломжийг нээж өгөх талаар сул ажиллаж байна. Тиймээс 2002 оноос хойш хэрэгжиж байгаа салбарын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.
-Санхүүгийн зах зээлд банкны давамгайлал бараг 95 хувийг эзэлж байгаа. Харин банкнаас бусад санхүүгийн байгууллага зах зээлд  хүчтэй орж ирэхэд тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Банк яагаад бусад санхүүгийн байгууллагаас давамгай байна вэ гэхээр төрөөс баримталж байгаа бодлого бусад хууль тогтоомжууд зөвхөн банк руу л чиглэсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдөр банк тойрсон арилжааны систем л ноёлж байна. Үүнийг дагаад банкууд бүх эрх мэдлийг өөртөө авсан. Бүх тусгай зөвшөөрөл, даатгал, тэр ч бүү хэл брокер диллерын компанийн зөвшөөрлийг ч өөртөө авсан байна. Энэ бүхэн нь төрийн маш том дэмжлэг юм. Яг үүний адилаар банк бус санхүүгийн байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжээд өгвөл санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нь банктай өрсөлдөхүйц түвшинд очно. Тэгэхээр хууль эрх зүйн талаас маш олон өөрчлөлт хийх шаардлага байна гэж харж байна.
-Гэхдээ ББСБ-ын хоорондын өрсөлдөөн шударга явагдаж чадаж байна уу. Жишээ нь, зээлийн хүүгийн хувь хэмжээн дээр ...
-Санхүүгийн байгууллагуудын хооронд өрсөлдөөн байх нь сайн зүйл биш гэж олон улсад үздэг юм байна лээ. Ялангуяа  бичил санхүүд. Манай улсын хэмжээнд 530 гаруй ББСБ байна. Гэтэл энэ олон банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байгаа нь хэрэглэгчийг хэт өрийн дарамтад оруулах нөхцөлийг бүрдүүлдэг гэж үздэг. Хэдийгээр бодлого тодорхойлогч болон зарим талууд санхүүгийн байгууллага олон байх тусам өрсөлдөөний журмаар хүү буурна гэж хардаг боловч бодит байдал дээр огт өөр байдаг. Олон байгууллага байх тусам тухайн хүнд өртэй байсан ч зээл өгөх газрууд бэлэн хүлээж байдаг. Учир нь санхүүгийн байгууллагууд олшрохын хэрээр харилцагч нь цөөрч, зээлээ гаргахын тулд хоорондоо өрсөлдөж эхэлдэг. Ингэхдээ харилцагчид давхардуулан зээл олгож эхэлдэг. Энэ нь хэрэглэгчийг хэт их өрийн дарамтад оруулах нөхцөл болж байгаа юм. Монгол Улсын хувьд хадгаламжийн эх үүсвэр маш хязгаарлагдмал буюу нийт есөн их наяд төгрөг байна. Банкууд хоорондоо хүүгээр уралдаж, хадгаламжийн хүүг өсгөөд байгаа нь үнэн. Санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бол маш их байна. Гэхдээ сайнаасаа муу үр дагавар нь илүү байна гэж үзэж байгаа.