2024-05-11
АНУ-ын доллар 3,381.63₮
Ангилал: Нийгэм

Таван хүний амь эрсэдсэн ноцтой осол гарлаа

2019-06-17 15:28:02

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар зам тээврийн ноцтой осл гарч, улмаар таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал сумын төвөөс зүүн зүгт 16 км замд Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Э-ийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт 18:25 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд гээд нийт 17 хүн 16 км замыг туулан дуудлага өгснөөс хойш 15 минутын дараа очиход таван хүн газар дээрээ нас барсан байжээ.

Дээрх бүрэлдэхүүн 20 минутын хугацаанд ажиллаж, Хан-Уул дүүргийн харьяат 11 настай охин Е-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, харин 47 настай Э /эрэгтэй/, 44 настай Г /эмэгтэй/, 40 орчим настай С /эмэгтэй/, 35 настай О /эмэгтэй/, таван настай хүү Б нарын цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зам, даваа гүвээ усанд автаж, эвдэрсэн. Иймд зорчигч та бүхэн орон нутгийн замд явахдаа хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.