2024-04-30
АНУ доллар 3,377.03₮
Ангилал: Нийгэм

Ц.Даваасүрэн: ТЭЦ-IV-т гарсан саатлын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байна

2018-09-17 14:12:16

Өнгөрсөн Бямба гаригт “ТЭЦ-IV”-т техникийн саатал гарсны улмаас хот даяар тоггүй болсон. Тэгвэл Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нийслэлийн иргэдээс уучлалт гуйлаа. Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдөр эрчим хүчний саатал гарсан тул нийт хэрэглэгчдээс уучлалт хүсч байна. ТЭЦ-IV-т  гарсан саатлын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй. Гэвч тухайн өдөр ажиллаж байсан монтёрын буруутай үйлдлээс болсон байх магадлалтай гэж үзэж байгаа. Бид бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцуудыг хурдан босгох хэрэгтэй байна. Нар, салхины эрчим хүчний хэрэглээнд зохицуулалт хийх явдал бас их чухал байна. Нар, салхиар 40 МВт үйлдвэрлэж байгаа. Орой болоод, нар бууж, салхи намдахаар л хязгаарлалт хийх шаардлага гардаг. Нар, салхины эрчим хүчний 1500 зөвшөөрөл байдаг. Эдгээрийг цэгцлэх сэрүүлгийг бидэнд өгөөд байна. Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд бид усан цахилгаан станцын төслүүдээ хурдан хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол нэг кноп дараад л асдаг. Тэгэхээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг эрчимжүүлнэ. Станцуудын асуудлыг хурдан шийдэхгүй бол ТЭЦ- IV-т  нэг аваар гарахад эрчим хүчний бүх систем доголдол үүсэх гээд байна. Дээр нь Амгалан ДЦС-ыг 50 МВт-аар яаралтай өргөтгөх, ТЭЦ-III-ыг 75 МВт-аар өргөтгөх боломж байна. Энэ бүхнийг яаралтай хийх хэрэгтэй байна.

 Мэдээлэл хийсний дараа тэрээр  сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэц-4 дээр гарсан аваар, гэмтлийг бүрэн засч дууссан уу? 
-Аваараас үүдэлтэйгээр хоёр генераторт гэмтэл гарсан. Үүнийг нягтлах хэрэгтэй байна. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Орой гэхэд дөрөв дэх генератор нь ажиллаж эхэлнэ. Үлдсэн хоёр генераторыг бид дахин нягтлах шаардлага байгаа. Дахиад эрчим хүчний саатал гаргахгүйн төлөө бид ажиллана.
 ТЭЦ- IV хэдий хэмжээний хохирол амссан бэ?
-Нэг их өндөр биш. Өөрөөр хэлбэл ямар нэг техник тоног төхөөрөмж эвдэрч, сүйдээгүй. Аваар осол болоогүй. Тиймээс энэ удаагийн хохирлыг бид өөрсдийн хөрөнгөөр зохицуулах боломжтой.
-Өвлийн улирал хаяанд ирлээ. ТЭЦ-IV-т ахиж гэмтэл гарахгүй гэх баталгаа байна уу? 
-Техникийн хувьд хоцрогдсон зүйл бий. Тиймээс ОХУ-аас зээл аваад дөрвөн генераторын засварыг эхлүүлж байтал яг ийм асуудал боллоо. Өвлийн ачааллыг давахын тулд дөрвөн генераторыг шинэчлэлээ түр зогсоохоос өөр аргагүй боллоо. Өвлийн ачаалал дууссаны дараа шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлнэ. Цаг хугацаа яг тулчихлаа.
Шинэчлэлийг зун хийх боломжгүй байсан уу. Яг өвлийн ачаалал эхлэнгүүт давхцаад шинэчлэл хийнэ гэж байгаа нь ямар учиртай юм бэ? 
-ОХУ-аас авах зээлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Зээл ирэх онд бүрэн шийдэгдэх байх гэж харж байгаа. Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаад нэг генераторын шинэчлэлийг эхлүүлж байсан боловч хүйтний улирал эхэлж байгаа тул шинэчлэлийг хойшлуулахаас өөр аргагүй болж байна.
ТЭЦ-IV-ийн захирлын асуудал юу болсон бэ. С.Анхбаяр гэдэг хүн ажлаа хийж байгаа юу? 
-Удирдлагынх нь асуудал одоо болтол шийдэгдээгүй. С.Анхбаяр ажлаа хийгээгүй, шүүхийн маргаантай байгаа.