2024-04-18
АНУ доллар 3,376.43₮
Ангилал: Нийгэм

“УАА” шинэ серийн бүх дугаарыг 7600 төгрөгөөр иргэдэд олгоно”

2019-07-25 11:26:26

Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Тодруулбал, өчигдөрөөс эхлэн /2019.07.24/ автомашины улсын дугаарын "УАА" серийг шинээр бүртгүүлж буй жолооч нар https://burtgel.transdep.mn  сайтаас дугаараа нээлттэй сонгож авах юм. Шинэ серийн дугаарыг иргэдэд хэрхэн, ямар үнээр олгох талаар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүүгээс дараах зүйлийг тодрууллаа.
 


-Ямар журмаар иргэдэд шинэ серийн дугаарыг олгож байгаа вэ?

-Автомашины шинэ сери задарна гэдэг нь цоо шинэ үзэгдэл биш. Хуучин автомашины дугаарын нөөцийг яаж бүрдүүлдэг байсан тэрэн шигээ л ажлыг зохион байгуулж байна. Энгийн дугаарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Харин нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэртэй хар дугаар,  100 хувь цахилгаан мотортой, эсвэл устөрөгчийн хөдөлгүүртэй машинд ногоон дэвсгэртэй цагаан дугаар, тусгай замын тээврийн хэрэгсэл буюу хүнд механизмд хар дэвсгэртэй цагаан дугаарыг олгодог болсон. 

-Зөвхөн импортын тээврийн хэрэгсэлд олгоно гэсэн үү?

-“УАА” шинэ серийн дугаарыг зөвхөн импортын тээврийн хэрэгсэлд шинээр олгож байгаа. Улсын дугаар өмнө нь аван унаж ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд “УАА” серийн дугаарыг олгохгүй. Үүнийг нь мэдэхгүйгээр иргэд интернэтээр болон биеэр ирж шинэ серийн дугаарыг авах гэж хүндрэл учруулж байна.

-Шинэ серийн дугаар хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Үнийн хувьд шинэ серийн бүх дугаарыг 7600 төгрөгөөр иргэдэд олгоно. Харин азын болон алтан дугаарыг цахимаар олгож байгаа. 000х, 9999, 8888, 7777 гэх мэт дугаарууд азын дугаар нь хүний оролцоогүйгээр ямар нэгэн санамсаргүй уналтаар өдөрт тодорхой тооны хязгаарлалттайгаар ашиглалтад гарч байгаа. Азын болон алтан дугаарууд 14 хоногийн хугацаанд олголтод орж дуусна.

-Монгол Улс дугаарын нөөцөө олон улсад дүйцүүлье гэсэн асуудал гарч ирсэн. Энэ талаар?

-Манай төвөөс өдөрт 100 гаруй дугаар, сард 4000 гаруй шинэ дугаарыг ашиглалтад өгч байна. Манай улсын автомашины дугаарт байгаа Ө, Ү, Ж, Ч гэх мэт дугаарыг олон улсад танихгүй байгаа. Тиймээс олон улсад танигдаж ашиглагддаг, латин үсэгтэй дүйцүүлж болох 11 үсэгтэй серийг цаашид гаргана.
 



Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1.003.922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 57.568 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт ажээ. 2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр олгогдоогүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499.950 дугаар байдгаас өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсээд байгаа аж. Нийслэл хотод олгогдох дугаарын нөөц ийнхүү дууссантай холбоотой "УАА" шинэ серийн 110 мянган улсын дугаар олгохоор болжээ.