2024-04-19
АНУ доллар 3,376.43₮
Ангилал: Нийслэл

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт өнөө, маргаашдаа дуусна

2019-08-09 14:56:53

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын талаар НОСК-иас мэдээлэл хийлээ.
НОСК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Сонгон шалгаруулалттай холбоотой гадуур янз бүрийн мэдээлэл байна. Сонгон шалгаруулалтад үнэхээр ямар нэгэн нөлөө орох боломжгүй. Бид шаардлагын дагуу л хамруулж байгаа. Гэвч эхний шаардлагаа ч хангахгүй олон хүн байна.

 Тухайлбал, “Залуу гэр бүл” гэсэн ангилалд 4000 гаруй хүн бүртгүүлсэн. Гэвч эхний шалгаруулалтад үүнээс 1600 гаруй нь хасагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь түрээсийн орон сууцанд  хамрагдаж байсан болон орон сууцанд амьдардаг гэх мэт иргэд бүртгүүлсэн байна. Харин орох иргэдийн тухайд нийгмийн даатгал төлсөн эсэх, мөн хэмжээ, хүүхдийн тоо, агаарын чанарын нэгдүгээр бүсэд амьдардаг гэсэн шаардлагаар оруулах юм. Шаардлага хангаад түрээслээд өмчлөх иргэдэд бид утсаар мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалт хэвлэлийнхэнд ч нээлттэй байгаа. Танил тал, авилга авах зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломж байхгүй. Шалгаруулалтад тэнцээд сонгогдож байгаа иргэд материал бүрдүүлж өгөх ёстой. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна гэж үзвэл шууд дараагийн иргэнийг оруулах зохион байгуулалттай явж байгаа. Сонгон шалгаруулалт өнөө маргаашдаа дуусна. Ирэх долоо хоногт материал бүрдүүлэх ажилдаа орно. Сонгон шалгаруулах комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэсэн юм. Өнөөдөр сонгон шалгаруулалт явагдаж байна. Үүн дээр сонирхсон иргэд орж ирээд харах боломжтой аж.  

Дашрамд дурдахад, цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлсэн байдаг.Тодруулбал, “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлсэн юм.