2019-09-24
АНУ доллар 2,667.91₮
Ангилал: Спорт

Б.Бат-Эрдэнэ: Би шавьтайгаа огт холбогдоогүй байна

                  Б.Бат-Эрдэнэ: Би шавьтайгаа огт холбогдоогүй байна
Энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдыг МҮБХ-ноос допинг хэрэглэсэн гэж мэдэгдээд байгаа. Харин өнгөрөгч амралтын өдөр /2019.08.17/ Улсын аварга Э.Оюунболд мэдэгдэл хийж, “Би допинг хэрэглээгүй, миний шээс солигдсон байна" гэж баяр наадмыг зохион байгуулах хороонд гомдол гаргасан. Тэгвэл өнөөдөр /2019.08.19/ энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Монгол улсын аварга Э.Оюунболдын багш Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Э.Оюунболд мэдэгдэл хийхийн өмнө надтай зөвлөлдсөн зүйл байхгүй. Би наймдугаар сарын 7-ноос хөдөө албан ажлаар томилолттой явж байгаад ням гаригт хотод орж ирлээ. Миний хувьд хотод ирээд Э.Оюунболдтой утсаар холбогдсон зүйл байхгүй байна. Ирээд шавийнхаа бичлэг хийж, мэдэгдэл гаргасныг харлаа. Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга байна. Монголын үндэсний бөхийн холбооны маргаан 2002 оноос хойш эхэлсэн гэхээр 17 жил болжээ. Өнгөрөгч 2017 оны гуравдугаар сард үндэсний бөхийн “Их эе” хуралдааныг зохион байгуулж, надад итгэл хүлээлгэн энэ ажлыг хариуцуулсан. Олон түмэн, хамт олон маань итгэл хүлээлгэсэн ч маргалдагч тал санал нийлэхгүй байгаагаа  хэлж байсан. Би тэр даруйдаа “Монголын үндэсний бөхийн үйл хэрэгт эв нэгдэлийг эрхэмлэх хэрэгтэй. Би нэгдсэн хурлаа хийгээд намайг нэр дэвшүүлбэл нэрээ татна” гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш маргалдагч талуудтай ойлголцохын тулд бүх асуудлыг нь хүлээн авч байгаа. Одоо ирэх намраас нэгдсэн хурлаа хийх байх гэж бодож байна.
Би хөдөө долоо хоноход хэвлэл мэдээллээр өчнөөн олон юм ярьсан байна лээ. Сүүлдээ бүр “БНСУ руу шавиа дагуулаад, цусны шинжилгээ ч гэнэ үү, хариуг нь өөрчлөхөөр явж байна” гэсэн мэдээллийг санаатайгаар тараасан байна. Тийм зүйл огт байхгүй. Би өнөөдрийг хүртэл шавьтайгаа холбогдсон зүйл байхгүй. Наадмын өмнө шавьд маань ямар нэгэн дарамт ирсэн гэдгийг сайн хэлж мэдэхгүй юм. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд утсаар байнга холбогдож “Чи хаана явж байна. Бэлтгэл сургуулиа хийж байна уу” гэж байснаас биш өдөр болгон бэлтгэл дээр нь очоод байдаггүй. Тиймээс надад мэдэгдсэн зүйл байхгүй. Би наадмын өмнөх бэлтгэл дээр нь очих үеэрээ л нэг уулзсан. Манай улсын стандартын дагуу хоёр төрлийн саванд нэг удаа шээлгээд, таглаж, лацдаад авдаг байсан. Монголын үндэсний бөхийн хүрээнд л ийм асуудал гарах юм. Би чинь 2007 оноос хойш наадамд барилдаагүй учраас тэр шинжилгээний талаар үнэндээ мэдэхгүй байна” гэв.