2024-05-15
АНУ-ын доллар 3,381.52₮
Ангилал: Улс төр

Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ

2018-09-20 21:21:16

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах талаарх УИХ-ын 23-р тогтоолыг 2017 оны хоёрдугаар сард гаргасан.  Засгийн газраас УИХ-ын 23-р тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, төрд авах талаарх шийдвэрийг дахин гаргах замаар тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн юм.
Уг өмчлөлийн маргаан шүүхийн байгууллагын түвшинд сүүлийн жилүүдэд хэлэлцэгдсээр байгаа. Өчигдөр Улсын дээд шүүхээс Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ “Монголын зэс” корпорацитай хэлцэл хийхгүйгээр тодорхой шийдвэрүүд гаргасан нь хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д байсан “Монголын зэс” корпорацийн төлөөллийн эрхийг хязгаарласныг хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Өмнө нь ийм шийдвэрийг шүүхээс гаргаж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч Засгийн газраас дахин шийдвэр гаргаж, улсын бүртгэлийн гэрчилгээ болон төрийн төлөөллүүдийг нэмэх замаар өөрчилсөн юм. Ингэснээр дахин Дээд шүүх дээр уг дахин шийдвэр унаж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийн асуудал дотоодод ийнхүү маргаан дагуулж байхад Английн дээд шүүхээс тус үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалан зээл авсан асуудал мөн л унаад байгаа юм. Английн дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэр нийт 105 сая ам.доллар төлөх шийдвэрийг гаргасантай холбогдуулан, Засгийн газраас уг өрийг төлөх эсэх асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм.
Английн дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн төлөх шаардлагатай буй  105 сая ам.долларын хүүнд сар тутам 1.2 сая ам.долларын төлөлт нэмэгдэж байгааг хуулийн фермээс нь анхааруулсан байдаг.