2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Улс төр

В.В.Путин: Манай ард түмнүүд найрамдал, бат итгэлцлээр нягт холбогдсон билээ

2019-09-02 23:14:34

Айлчлалын үр дүнд хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурна-
 
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр Монгол Улсад айлчлан ирж байна. Владимир Владимирович Путиний манай сонинд өгсөн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. В.В.Путин Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчлан ирж байгаа нь энэ юм.

-Эрхэм Ерөнхийлөгч Та Халхын голын байлдааны талаар болон Орос, Монголын харилцаа, Ялалтын ач холбогдлын талаар ямар санал бодолтой байна вэ?

-Орос, Монгол хоёр улс зөвхөн түүх, газарзүйн хувьд ойрхон хөршүүд биш шүү. Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлийн харилцаагаар нягт холбогдсон билээ.

Бидний хамтын түүхийн хамгийн яруу тод, чухал үйл явдлын нэг нь Японы цэргийг Халхын гол дээр хамтарч ялсан явдал юм. Өнгөрсөн зууны 30-аад онд Монгол Улсын зүүн хил дээрх нөхцөл байдал тавгүй байж, улам түгшүүртэй болж байсныг сануулъя.

1935 онд эхний ноцтой зэвсэгт мөргөлдөөнүүд гарч байлаа. Үүнтэй холбогдуулан 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ЗХУ, БНМАУ-ын хооронд Харилцан туслалцах протоколд гарын үсэг зурж, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Улаан армийн ангиудыг байрлуулсан.

Ширүүн байлдаан буюу 1939 оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 16-н хүртэлх төгсгөлийн үед тэдгээр ангийн цэрэг Монголын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж, түрэмгийлэгчдийг бут цохиод, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадсан юм.

Халхын гол дээр байгуулсан ялалт цэрэг, улс төрийн чухал ач холбогдолтой байжээ. Тэрхүү ялалт маань Япон улс 1941 онд Зөвлөлт Холбоот улс руу довтлохоос татгалзсаны гол шалтгааны нэг байсан бөгөөд Япон улсыг Дэлхийн II дайнд оролцох явцыг удаашруулсан юм.
Ингэснээр Зөвлөлтийн удирдлага Москва орчмын тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн анги нэгтгэлийг 1941 оны сүүл гэхэд улс орныхоо баруун хэсэгт шилжүүлж чадсан билээ.

Аугаа их Эх орны дайны хатуу ширүүн жилүүдэд Монгол Улс тусламж үзүүлснийг Орос улс талархалтайгаар дурсан санаж байдаг. Монголын иргэд фронтод тулалдаж байсан зөвлөлтийн дайчдад зориулж дулаан хувцас, хоол хүнс илгээхийн хамт морьт цэргийн ангиудад өөрсдийн агт морьдыг өгдөг байжээ.

Мөн өөрсдийнхөө хангамжийг ихээхэн хасан байж “Хувьсгалт Монгол” танкийн цуваа болон "Монгол ард" сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах хөрөнгө мөнгө хуримтлуулан хандивлажээ.

Ирэх оны тавдугаар сард Москва хотноо болох Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ойн баяр ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцоно гэж найдаж байна.

-Таны айлчлал Халхын голын байлдаанд Ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээс гадна өөр ямар зорилготой вэ. Ямар асуудлуудыг авч хэлэлцэх гэж байна?

-Дээр миний хэлсэнчлэн манай хоёр ард түмнийг зөвхөн ах дүүгийн дайчин нөхөрлөл төдийгүй харилцан ашигтай хамтын ажиллагааны баялаг түүх холбодог билээ. Энэ жил хамтарч тэмдэглэх ой олонтой.

Манай хоёр талын аж ахуйн хамтын ажиллагааны тэргүүлэгч байгууллага болох улс хоорондын хамтарсан үйлдвэр "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг 70 нас хүрлээ. 60 жилийн өмнө манай мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад атар газар эзэмших ажил эхэлсэн.

Өнөөдөр Орос, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн, олон талын шинж чанартай бөгөөд улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын болон бусад салбарыг хамарч байна.

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж ярилцах явцад харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хэтийн төлөв, үүний дотор Оросын Холбооны Улс, Монгол Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй авч хэлэлцэнэ.

Айлчлалын үр дүнд манай хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай улс хоорондын гэрээнд гарын үсэг зурна. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээний суурин дээр боловсруулсан энэхүү баримт бичиг хугацаагүй байхыг онцлон тэмдэглэе.

-Монгол, Орос хоёр улс мөнхийн хөршүүд. 1990-ээд онд эдийн засгийн харилцаа объектив шалтгааны улмаас багассан ч сүүлийн үед өсөх хандлагатай байна. Цаашид хоёр улс аль салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэж та харж байна вэ. Мөн гаалийн татвар өндөр байдаг нь эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлдөг. Энэ татварыг зохистой түвшинд аваачих талаар яригдах уу?

-Монгол Улстай олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Ази тивд Орос улсын явуулж буй гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн.
 
Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа өндөр хурдтай хөгжиж байна. 2018 оны дүнгээр худалдааны эргэлт 21 орчим хувиар нэмэгдэж, 1.65 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эхний зургаан сарын байдлаар дахиад 11.8 хувиар өсөж 800 сая ам.долларт хүрчээ.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс болон түүний харьяа дэд комисс, ажлын хэсгүүдийн чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажил үр дүнтэй явагдаж байна.

Хоёр талын яриа хэлэлцээний хүрээнд тээвэр, дэд бүтцийн салбар, Монгол Улсын дамжуулан өнгөрүүлэх нөөц бололцоог илрүүлж, нэмэгдүүлэн ашиглахад анхаарлаа хандуулж байна. Энэ зорилгоор “Оросын төмөр замууд” буюу “РЖД” компани Монгол Улсын тээврийн гол суваг болсон "Улаанбаатар төмөр зам"-ыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Хамтын ажиллагааны өөр нэг салбар бол эрчим хүч юм. Оросын компаниуд Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэхийн хамт тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүдийн техникийн шинэчлэлд оролцож байна. Мөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт сонирхолтой төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлж байна.

Эрүүл ахуй, мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Өнгөрсөн жил монгол малыг вакцинжуулах хүмүүнлэгийн хөтөлбөрийн хоёр дахь шат амжилттай хэрэгжиж дууссаны ачаар Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах ажил улам амар болох юм.

Байгаль орчноо хамгаалах асуудалд чухал ач холбогдол өгч байна. Хил орчмын бүс нутагт хамтарсан дархан цаазат газруудыг байгуулах талаар хэлэлцээ явагдаж байна. Энэ нь манай нийтлэг бүс нутгийн биологийн олон төрлийн өвөрмөц байдлыг хадгалан хамгаалахад тус дөхөм болно.

Үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд нь Монголын талд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Одоо Орос улсын их, дээд сургуульд Монгол Улсын гурван мянга орчим иргэн суралцаж байна. Монгол оюутнуудад зориулж манай улсын төсвөөс жил бүр 500 тэтгэлэг олгож байна.

Гаалийн татварыг бууруулах тухайд гэвэл 2015 онд Евразийн эдийн засгийн комисс, Монголын талын хооронд байгуулсан хамтарсан ажлын хэсгийнхэн хоёр талын худалдааны үр ашгийг дээшлүүлэх, үүний дотор саад тотгорыг арилгах, гаалийн хяналтын удирдлагын системийг сайжруулах, эрүүл ахуйн хэм хэмжээг харилцан уялдаатай болгох зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Ихэнх тохиолдолд техникийн шаардлагыг хөнгөвчлөх нь ажил хэргийн хамтын ажиллагаанд татварыг бууруулахаас илүү хүчтэй түлхэц болж өгдөг шүү.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тогтоосон таны хувийн харилцаанд жүдо бөхийг сонирхох, спортоор хичээллэх нийтлэг сонирхол хэр зэрэг нөлөөлж байна вэ?

-Миний хувьд жүдо бол зүгээр нэг спортын төрөл биш ээ. Жүдо нь зоригтой байх, бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах, тэвчээр гаргах, амьдралын хүндийг даах, хэцүү нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарах зэрэг чанарыг бөх хүнд суулгаж өгдөг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас жүдогоор ч, самбогоор ч хичээллэдэг, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер мөн гэдгийг мэднэ. Бидний хувьд нийтлэг сонирхол, төстэй сэтгэхүйтэй тул “Хоёулаа нэг долгион барих” гэдэг шиг харилцан ойлголцолд хүрэхэд амар байлаа.

Өнөөдөр энэ маань үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны чухал чухал асуудлыг ажил хэрэгчээр шийдвэрлэх, ирээдүйтэй төслийг их амжилттай хэрэгжүүлэх боломж олгож байна.

Мэдээжийн хэрэг, бид улс төрийн арга хэмжээ, эсвэл эдийн засгийн форумын үеэр төдийгүй жүдо бөхийн ДАШТ-ий үеэр ч уулзахыг эрмэлздэг ээ.
 Эх сурвалж: Өдрийн сонин 2019.09.02