2024-04-24
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Улс төр

Төсөвт дэмжлэг үзүүлэх 100 сая долларын зээлийн гэрээг байгууллаа

2019-09-14 22:59:33

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас олгож буй хоёр дахь санхүүжилт болох 100.0 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр дахь шатны энэхүү санхүүжилтийг Дэлхийн банкны олон улсын ассоциаци болон олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлж байна.

Хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслүүдийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэлбэр, дэд бүтцийг сайжруулах замаар худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэгт илүү оновчтой чиглүүлж нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх болох шинэчлэлийг дэмжих замаар бизнес, худалдааны орчныг сайжруулах, мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээг хангахад чиглэнэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар олон улсын валютын сантай хамтраад хөтөлбөр хэрэгжүүлж  байгаа энэхүү хөтөлбөр нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, 2018 онд 7.2 хувьтай, энэ оны эхний байдлаар 7.3 хувьтай болж өссөн. Төсөв эрүүлжиж, ашиг гарах зэргээр эерэг зүйл их байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллагууд хамтарч, дэмжиж, зээл олгож байна. Өнөөдөр Дэлхийн банктай хоёр дахь шатныхаа зээлийн гэрээг байгууллаа. “Олон улсын валютын сан санхүүжүүлтээ өгөхөө больсон гэнэ”  зэргийн яриа гарч байсан. Энэ хөтөлбөр маань үргэлжилсэн хэвээрээ байна гэдгийг онцолж хэлье. Мөн энэ бол төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх мөнгө бол биш бөгөөд улсын төсөв дээрээ дэмжлэг болгож авдаг зээл юм.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев:
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн эдийн засгийн томоохон хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын эдийн засгийн сэргээгдэх хөтөлбөрүүд болон олон улсын түншлэгч байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөрийн нэг хэсэг юм. Тус хөтөлбөр нь Монгол Улсын өрийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтворжуулалт болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулагдах болно.