2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Дэлхий

Ираны генерал АНУ-ын агаарын цохилтод өртөж амиа алдлаа

2020-01-03 12:20:48

Өнгөрсөн шөнө АНУ-ын зэвсэгт хүчин Иракийн нийслэл Багдадын ойролцоо явж байсан автомашины цуваанд агаараас цохилт өгөх үеэр Иран улсын хошууч генерал Кассем Солеймани, Иранаас ивээн тэтгэдэг Иракийн зэвсэгт бүлэглэлийн командлагч Абу Махди Аль Мухандис нар алагджээ.

АНУ-ын албаныхан уг цохилт нь Ирантай холбоотой хоёр чухал хүнийг устгах зорилготой байсныг баталсан байна.

Иракийн зэвсэгт бүлэглэлээс гаргасан мэдэгдэлд Багдадын олон улсын нисэх буудалд хийсэн пуужингийн цохилтын үеэр тус байгууллагын таван гишүүнээс гадна “хоёр зочин” алагдсан тухай мэдээлжээ.

“Абу Махди Аль Мухандис, Кассем Солеймани нарын үхэлд Америк, Израйлийн дайснууд буруутай” гэж тус мэдэгдэлд өгүүлсэн байна.
Генерал Солеймани нь Ираны Хувьсгалт Гвардын гадаад дахь үйл ажиллагааг удирддаг байжээ. Түүнийг Сири, Ирак дахь дайн тулаануудад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг бөгөөд Ирандаа төдийгүй бүс нутгийн орнуудад алдартай нэгэн юм.

Нэг үгээр хэлбэл Солеймани нь Ойрх Дорнодын бүс нутагт Ираны нөлөөг тэлэх бодлогыг хэрэгжүүлж байсан гол хүн ажээ. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд түүний амийг хөнөөх хэд хэдэн ажиллагааг Өрнөдийн болон Саудын Арабын тагнуулынхан зохион байгуулж байсан гэдэг.

Солейманы удирддаг Кудс тусгай хүч Ираны хилээс гаднах ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг хамгаалах, Иракт Исламын Улс бүлэглэлийг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Генерал Солеймани 1998 оноос хойш Ираны Хувьсгалт Гвардын Кудс тусгай хүчийг удирдаж, Ливан дахь Хезболлах бүлэг, Сири дэх Ассадын дэглэм, Ирак дахь шийт зэвсэгт бүлэглэлүүдтэй нягт холбоотой ажиллаж байв.

 
Эх сурвалж: Reuters