2024-05-22
АНУ-ын доллар 3,381.11₮
Ангилал: Нийгэм

Ж.Батбаясгалан: 220 мянган өрх гал алдах уу, үгүй юү гэдэг асуудал тулгараад байна

2020-02-11 15:24:35

 Сайжруулсан түлшний 10 хоногийн нөөц байгаа талаар өчигдөр Улсын онцгой комиссын хурал дээр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга танилцуулсан. Өнгөрсөн долоо хоногт 10 хоногоос бага нөөцтэй болжээ. Ганц хил хаасантай холбоотойгоор нөөц хомсдоогүй бөгөөд БНХАУ-ын дотоодын хязгаарлалт нөлөөлж байгаа аж. 

Тэрээр “Шахмал түлшний барьцалдуулагчийг Хятадаас авдаг. Одоо бол түүхий эдийн 10 хоногийн нөөц байна. Тээвэрлэлтийн асуудал хүндэрч байгаа” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өгсөн тайлбартаа: 220 мянган өрхийн гал алдах уу, үгүй юү гэдэг асуудал биднээс үл хамаарч тулгараад байна. Эрээн боомтоор барьцалдуулагчаа авдаг байсан ч Эрээнд нэгдүгээр зэргийн онцгой байдал зарлаж бусад мужуудтайгаа харилцах харилцаа нь багассан. Хэрвээ урд хөрш барьцалдуулагчаа дотооддоо хийхгүй бол манайх руу тээвэрлэх боломжгүй болно" гэсэн тайлбар өгчээ. Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Зам тээвэр хөгжлийн  сайд  Д.Энх-Амгалан нар өчигдөр /2020.02.10/-ны Улсын онцгой комиссын хуралд оролцоогүй бөгөөд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой мэдээлэлгүй байгаа юм.  Түүнчлэн сайжруулсан хатуу түлш  гол  үйлдвэрлэгч Тавантолгой түлш ХХК-иас ч одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна. 

Сайжруулсан түлшний барьцалдуулагчийг ОХУ-аас авч болох боловч Хятадаас авснаас хамаагүй өндөр үнэтэй талаар албаныхан мэдээллээ.