2020-07-10
АНУ доллар 2,832.64₮
Ангилал: Эдийн засаг

Б.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сараас эхэлж олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 2019 оны ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болсон талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон бусад албаны хүүмүүс   мэдээлэл хийлээ. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой" ХК 10 гаруй жил ажиллахдаа ногдол ашиг хуваарилж байсан тохиолдол байхгүй. Тэгвэл анх удаа ногдол ашиг хуваарилахаар болсон тогтоол гарч байна. Компанийн ТУЗ-өөр хэлэлцэж, 100 хувь дэмжсэн. Өмнө нь бид "Сайн хувьцаа"-гаар болон ахмадуудад зориулж мөнгө өгч, Засгийн газар давуу эрхээрээ хувьцааг нь худалдаж авч байсан тохиолдол бий. Харин энэ удаагийнх бол бэлэн мөнгө тараалт биш шүү. Өнгөрсөн хугацаанд бид олсон ашгаараа бүтээн байгуулалт хийхээр болсон. Хийж ч байгаа. 

Жилийн өмнө бид нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийтдээ 1072 ширхэг хувьцаанд 26 мянган төгрөг хуваарилахаар байсан. Харин Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлээд, борлуулалт нэмэгдсэн. Нийтдээ 1 их наяд орчим төгрөгийн орлого олсон. Тиймээс нэгж хувьцаанд олгох мөнгийг 90 төгрөгөөр бодож, 1072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэр гарсан. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд, төмөр зам болон дагалдах төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой байгаа. Бид иргэдээ орлоготой байлгахаас авахуулаад олон зүйлийг бүх талаас нь бодолцож, энэ шийдвэрийг гаргаж байгаа юм шүү. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.  Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын чиглэлийн дагуу тодорхой судалгаа, тооцоог хийснээр иргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. 2016 оноос хойш компани цэвэр ашигтай ажиллаж байгаа. Харин 2016 он хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компани маш их хэмжээний өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан. 2019 онд гадаад, дотоод өр төлбөргүй ажилласан.  

Тиймдээ ч өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, 85 хувь эзэмшиж байгаа төрд ногдол ашиг олгохоор боллоо. 1072 хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа. Тэд 96480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.  667898 иргэн 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ногдол ашиг авна. 740 хувьцаатай 334500 хувьцаа эзэмшигч 66690 төгрөгийн ногдол ашиг авах юм.   Нийтдээ 2 сая 80 иргэн энэ мэтээр ногдол ашиг авна. Гэтэл манайд 2511000 мянган иргэн хувьцаа эзэмшдэг.  Өнөөдрийн байдлаар 580 орчим мянган иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. 

Энэ нь ихэнхдээ хүүхдүүд байгаа. Мөн гадаадад байгаа иргэд бий.  Мөн бусад бүртгүүлээгүй иргэд байгаа. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна, энэ жилдээ үргэлжлүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.  Хоёрдугаарт, ногдол ашгаа хэзээ олгож, хэзээ авах вэ гэдэг нь маш чухал. Өнөөдөр мэдэгдэл хийснээр ногдол ашиг иргэдийн дансанд орохгүй. Эхлээд бүртгүүлэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 17 хавьцаа болох байх. Тэр хурлаа өнөөдрийн ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулснаар эрх нээгдэнэ. Түүний дараа ногдол ашиг олголтыг 2020 ондоо багтааж хийнэ.  Эхний ээлжинд бид бүртгэл, дансаа баталгаажуулаад, тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ. 

Энэ шийдвэр гарсантай холбогдуулан эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл гарч эхэлнэ.  Мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь аваарай гэж би иргэддээ хэлмээр байна. Тиймээс өнөөдрөөс 1072 нэг цонхны мэдээллийг ажиллуулж эхэллээ. 18001072 гэдэг утсаар мэдээлэл авах боломжтой. 1.2 сая иргэн рүү утсаар мессеж явуулж байгаа.  Тэр дагуут апп татаж авах боломжтой.  Мөн фэйсбүүк хуудсаар ч мэдээлэл явуулна. Мөн 1072 төвд даваа гараг болгонд мэдээлэл өгнө.  Бид онлайнаар иргэд хувьцааны дансаа бүртгүүлэх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Гадаадад амьдарч байгаа иргэд онлайнаар дамжуулж бүртгэлээ хийлгэж, дансаа нээлгэж болно" хэмээлээ.